Бразилийн хөлбөмбөгийн супер од Неймар АНУ-ын МЛС (Major League Soccer) руу шилжих тухай гарсан цуу яриаг няцааж, “Сантос” клубтэй байгуулсан гэрээгээ дуусгах бодолтой байгаагаа мэдэгдлээ. Түүнийг зуны шилжүүлгийн цонхоор “ФК Цинциннати” клуб сонирхож, санал тавьсан гэх мэдээлэл гарсан ч Неймар одоогоор ямар нэгэн шилжилт хийх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлэв.
Неймар энэ оны сүүлч хүртэл “Сантос” клубтэй гэрээтэй байгаа юм. Өмнө нь түүнийг “Барселона”-гийн алдарт “MSN” гурвалын анд болох Лионель Месси, Луис Суарес нартай “Интер Майами” клубт нэгдэх магадлалтай гэж яригдаж байсан ч сүүлийн саруудад энэ асуудал намжаад байна.

Тэрээр энэ улиралд өвдөгний бэртлийн улмаас ердөө найман тоглолтод оролцсон хэдий ч дөрвөн гоол, гурван ашигтай дамжуулалт өгч, багийнхаа довтолгоонд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Саяхан болсон “Депортиво Реколета” клубын эсрэг тоглолтод бэртлээс эргэн ирж гоол оруулсан ч баг нь 1:1-ээр тэнцсэн нь хөгжөөн дэмжигчдийг багагүй сэтгэл дундуур байлгасан юм.
Тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид эсэргүүцэл илэрхийлэх үеэр Неймар тэдэнтэй бага зэрэг үл ойлголцол үүсгэсэн ч дараа нь цахим хуудсаараа дамжуулан тайван байхыг уриалжээ. Тэрээр “Хожих, тэнцэх, хожигдох нь хөлбөмбөгийн салшгүй хэсэг. Бид сайжрахын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно. Бидний хийж чадах цорын ганц зүйл бол энэ” хэмээн бичиж, багийнхаа төлөө тууштай зүтгэхээ илэрхийлсэн байна.

