Филиппин улс Өмнөд Хятадын тэнгис дэх усан хилээ хамгаалах зорилгоор анх удаа дуу болон гэрлийн хосолмол систем бүхий акустик зэвсгийг ашиглаж эхэллээ. Тус улсын Тэнгисийн цэргийн хүчний “BRP Rajah Sulayman” (PS-20) хөлөг онгоцонд хоёр ширхэг “Multirole Acoustic Stabilized Systems” (MASS) буюу олон үйлдэлт акустик системийг суурилуулсан нь дайсныг айлгаж, сарниулах зорилготой ажээ.
Өмнөд Хятадын тэнгис нь олон улсын маргаантай бүс нутаг бөгөөд Филиппин улс цаашид эргүүлийн флотынхоо бүх хөлөг онгоцонд ийм төрлийн дуу болон лазер туяа цацдаг зэвсгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү алхам нь хил хязгаарын зөрчил, тэр дундаа 2025 онд БНХАУ-ын талаас Филиппиний эргийн хамгаалалтын эсрэг акустик төхөөрөмж ашигласан гэх мэдээлэл гарч байсантай холбоотой өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ юм.

Италийн “Sitep Italia” компанид үйлдвэрлэсэн “MASS SX-424(V)122” систем нь дайсныг илрүүлэх камер, анхааруулах дуу авиа цацагчтай. Хэрэв аюул нэмэгдвэл систем нь өндөр эрчимтэй гэрэл, лазер туяа болон хүчтэй дуу чимээгээр дайсныг сарниулна. Уг зэвсэг нь 3,000 метрийн зайд мэдээлэл өгөх боломжтой бол 2,000 метрийн дотор сарниулах нөлөө үзүүлж, 125 метрийн зайд “өвдөлтийн хязгаар” үйлчилж эхэлдэг байна.
Судалгаагаар энэхүү системийн нөлөөлөлд өртсөн хүнд толгой өвдөх, ядарч сульдах, залгихад бэрхшээл үүсэх шинж тэмдэг илэрдэг бол 15 метрийн радиуст маш хүчтэй өвдөлт мэдрүүлж, сонсголын эрхтнийг байнгын гэмтэлд хүргэх аюултай юм.

