NBA-ын плей-оффын цувралууд дундаас Денвер Наггетс болон Миннесота Тимберволвес багуудын тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Энэхүү цуврал нь зөвхөн хоёр хүчирхэг багийн өрсөлдөөн биш, багуудын удирдлага болон дасгалжуулагчдын хоорондох сонирхолтой түүхэн холбоосоороо онцлог юм.
Миннесотагийн ерөнхийлөгч Тим Конелли өмнө нь Денверт ажиллаж байхдаа Никола Йокич, Жамал Мюррей, Аарон Гордон нарыг нэгтгэж, өнөөдрийн “Наггетс”-ийн суурийг тавьж байсан туршлагатай. Нөгөө талд, Денверийн ахлах дасгалжуулагч Дэвид Аделман Миннесотад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан төдийгүй түүний эцэг Рик Аделман тус багийг удирдаж байсан түүхтэй.
Тоглолтын хуваарь (Улаанбаатарын цагаар):
| Тоглолт | Огноо | Цаг |
| 1-р тоглолт: @ DEN | 4-р сарын 19 (Ням) | 03:30 |
| 2-р тоглолт: @ DEN | 4-р сарын 21 (Мягмар) | 10:30 |
| 3-р тоглолт: @ MIN | 4-р сарын 24 (Баасан) | 09:30 |
| 4-р тоглолт: @ MIN | 4-р сарын 26 (Ням) | 08:30 |
| 5-р тоглолт: @ DEN* | 4-р сарын 28 (Мягмар) | TBD |
| 6-р тоглолт: @ MIN* | 5-р сарын 1 (Баасан) | TBD |
| 7-р тоглолт: @ DEN* | 5-р сарын 3 (Ням) | TBD |
Денвер Наггетс: Аваргын эрч хүч
Никола Йокичийн гайхалтай тоглолтын ачаар Денвер энэ улирлыг довтолгооны өндөр үзүүлэлттэй дуусгалаа. Тэд гурван онооны шидэлтийн хувиар лигийг тэргүүлж, багийн тоглолтын хэмнэлийг төгс тодорхойлж байна.
- Никола Йокич: Улиралд 34 удаа “triple-double” гүйцэтгэж, самбараас бөмбөг авалт болон дамжуулалтаар лигийг тэргүүлсэн анхны тоглогч болов.
- Жамал Мюррей: Энэ улиралд дунджаар 25 оноо авч, анх удаа “All-Star” тоглогчоор нэрлэгдэн карьерынхаа оргил үед ирээд байна.
Миннесота Тимберволвес: Залуу оддын сорилт
Миннесота улирлын төгсгөлд бэртэл гэмтлийн улмаас (Энтони Эдвардс, Жаден МакДаниелс) бага зэрэг бүдэрсэн ч тэд сүүлийн хоёр жил дараалан конференцийн финалд шалгарсан туршлагатай баг юм.
- Энтони Эдвардс: Энэ улиралд дунджаар 28.8 оноо авч, өөрийн амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
Харилцан тоглолтын түүх
Энэ улиралд хоёр баг дөрвөн удаа таарахад Денвер гурван удаа ялалт байгуулжээ. Ялангуяа 2025 оны Зул сарын баярын тоглолтод Денвер 142-138-аар хожиход Йокич 56 оноо, 16 самбар, 15 дамжуулалт өгч түүхэн тоглолт үзүүлсэн бол Эдвардс 44 оноо авч хариу барьж байв.
Плей-оффын түүхийг сөхвөл Миннесота 2024 онд Денверийг буулган авч байсан бол 2023 онд Денвер тэднийг 4-1-ээр хожиж, улмаар анхны аваргын цомоо хүртэж байсан юм. Хоёр багийн цуврал маргааш буюу Ням гарагийн үүрээр Денвер хотноо эхэлнэ.

