Сансар судлалын NASA агентлаг дэлхийгээс өөр гараг буюу саран дээр анх удаа гал гаргах шинжлэх ухааны өвөрмөц туршилтыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь сансрын орчинд галын аюулгүй байдлыг хангах, материалыг зөв сонгоход чухал ач холбогдолтой шинэлэг алхам юм.
Ерөнхийдөө сансрын нислэгт гал гарахаас зайлсхийх нь хамгийн чухал байдаг ч NASA-гийн эрдэмтэд нэгэн сонирхолтой асуудлыг дэвшүүлээд байна. Дэлхий дээр хийгддэг материалын шатамхай чанарын бүх туршилт дэлхийн татах хүчний (1g) нөлөөн дор явагддаг. Гэвч онолын тооцоолол болон бичил татах хүчинд (microgravity) хийсэн туршилтууд татах хүчний түвшин өөрчлөгдөхөд материалын шатах чадвар өөр өөр байж болохыг харуулжээ.
NASA-гийн шинэ судалгааны тайланд дурдсанаар, дэлхий дээр шатдаггүй зарим материал сарны татах хүчний түвшинд шатамхай болох эрсдэлтэй аж. Дэлхий дээр хүчилтөрөгчийн урсгал галын суурь руу хурдан нэвтэрч дөлний халалтыг сааруулдаг бол саран дээр энэ үйл явц удаан явагдаж, химийн урвал “хурдаа авах” боломж олгодог байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр аюулгүй гэж тооцогддог материалууд саран дээр очоод аюултай “нууц дайсан” болох магадлалтай юм.
Одоог хүртэл эрдэмтэд бичил татах хүчний орчныг дэлхий дээрх уналтын цамхаг болон Олон улсын сансрын станцад туршиж ирсэн. Гэвч сарны гадаргуу дээрх хэсэгчилсэн татах хүчний орчинд гал хэрхэн авирлахыг бодитоор тогтоох нь ирээдүйн Артемис (Artemis) болон бусад сарны баазын төслүүдэд аюулгүй байдлын амин чухал баталгаа болох юм. Энэхүү туршилт нь ирээдүйд бусад гараг дээр судалгааны бааз байгуулах, сансрын нисгэгчдийн амь насыг хамгаалахад шинжлэх ухааны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The experiment will be the first of its kind on a planetary body other than Earth.

