Volvo анхааруулж байна: Чухал аюулгүйн төхөөрөмж зорилготойгоороо ажиллахгүй байж болзошгүй
АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний захиргаанаас (NHTSA) нийтэлсэн шинэ баримт бичгийн дагуу Volvo компани 413,000 гаруй автомашиныг програм хангамжийн доголдлоос үүдэн холбогдох аюулгүйн стандартыг хангахгүй болсон үндэслэлээр буцаан татахаар болжээ.
Энэхүү томоохон хэмжээний буцаан таталт нь 2023–2025 оны хооронд үйлдвэрлэгдсэн S60, V60, V60 Cross Country, S90, V90 Cross Country, болон цөөн тооны 2022 оны V90 зэрэг седан, вагон загваруудыг хамарч байна. Мөн 2021–2025 оны XC40, 2022–2025 оны XC60, 2023–2025 оны XC90, бүрэн цахилгаан C40 зэрэг SUV, кроссовер загварууд ч хамрагдаж байгаа юм.
Гэмтлийн шалтгаан: Google суурьтай мэдээлэл, зугаа цэнгэлийн систем
Эдгээр машинуудын арын камерын дүрс холбогдох дэлгэц дээр гарч ирэхгүй байх нь гол асуудал бөгөөд энэ нь Google суурьтай мэдээлэл, зугаа цэнгэлийн системийн программ хангамжийн алдаа-тай холбоотой. Энэ доголдлоос болж дээрх машинууд АНУ-ын 2018 оноос хойших автомашинуудад заавал байх ёстой гэж заасан FMVSS No. 571.111, Section 6.2.6 стандартыг зөрчиж байгаа аж.
Volvo-гийн тайлбарласнаар, тодорхой нөхцөлд “гэмтлийн код” идэвхжсэн тохиолдолд арын камер ажиллахгүй болох бөгөөд тухайн үед төв дэлгэцэн дээр “Camera is temporarily not available” буюу “Камер түр ажиллахгүй байна” гэсэн мэдэгдэл гарч ирнэ. Харин тухайн машинд автомат зогсоолын анхааруулга, ар талаас автоматаар тоормослох, хөндлөн чиглэлийн хөдөлгөөний мэдрэгч зэрэг бусад аюулгүйн систем суурилуулсан бол тэдгээр нь хэвийн ажиллах юм.

Volvo 2021 оноос эхлэн уг асуудлыг мэдэж байсан
NHTSA-гийн баримтад дурдсанаар Volvo уг асуудлын талаар анхны мэдээллээ 2021 оны дөрөвдүгээр сард авсан байна. Үүнээс хойш ижил төрлийн 57 тохиолдол бүртгэгдэж, улмаар 2025 оны гуравдугаар сарын 26-нд албан ёсоор шалгалт эхлүүлж, 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд буцаан таталтын шийдвэрийг гаргажээ. Аз болж, уг гэмтэлтэй холбоотой ямар нэгэн осол, гэмтэл, нас баралт бүртгэгдээгүй байна.

Шинэчлэл хэрхэн хийгдэх вэ?
Нөлөөлөлд өртсөн машинууд Volvo-ийн албан ёсны дилерүүд дээр очиж программ хангамжийн шинэчлэлт хийлгэх, эсвэл сонгогдсон загваруудын хувьд агаарын сувгаар (over-the-air) шинэчлэлт авах боломжтой. Дилерүүдэд аль хэдийн мэдэгдэл хүрсэн бөгөөд машин эзэмшигчдэд 2025 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсны захидал очих төлөвтэй байна.

Дүгнэлт: Програм хангамжийн жижиг алдаа — Том эрсдэл
Volvo-ийн энэхүү буцаан таталт нь орчин үеийн автомашинууд хэр их програм хангамжид суурилж, хэрхэн “жижиг алдаа” нь томоохон аюулгүйн асуудалд хүргэж болдгийг харуулж байна. Жишээ нь, Хятадад Xiaomi компани цахилгаан автомашиндаа программ хангамжийн шинэчлэлтээр хүч бууруулсан нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсэн байдаг. Үүний нэгэн адил iOS шинэчлэлтүүд iPhone удаашруулсан тухай гомдлуудтай зүйрлэж болно.
Тусгайлан дурдахад, Stellantis компани өнгөрсөн сард 49,000 Alfa Tonale болон Dodge Hornet загварыг мөн арын камерын асуудлаар буцаан татсан. Арын камер нь АНУ-д хуульчилсан аюулгүйн шаардлага учраас ийм асуудал давтагдах бүрт анхаарал өндөрсөж байна.
autoblog.com