Викториа мужийн хуульчдын дунд хиймэл оюун ухааныг ажил үүрэгтээ ашиглах нь эрчимжсэн ч үйлчилгээний хөлс буурах хандлага бага байгааг судалгаа харуулав.
Викториа мужийн Хууль зүйн үйлчилгээний зөвлөлөөс 2026 онд явуулсан судалгаагаар хуульчдын 55 хувь нь хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа нь өмнөх оноос 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр хуульчдын 79 хувь нь ChatGPT, Claude, Gemini, Copilot зэрэг олон нийтэд зориулсан чатботуудыг ашигладаг бол хуулийн салбарт тусгайлан зориулсан хэрэгслийг ашиглагчид 22 хувьтай байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ арилжаа, санхүү, харилцаа холбооны салбарт өндөр байгаа бол эрүүгийн болон гэр бүлийн эрх зүйн салбарт харьцангуй бага байна.
Хиймэл оюун ухаан ашигласнаар ажлын бүтээмж нэмэгдсэн ч хуульчдын дөнгөж 26 хувь нь үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийг бууруулсан гэж хариулжээ. Судалгааны багийн ахлагч, доктор Жоржи Ричнерийн тайлбарласнаар, томоохон аж ахуйн нэгжүүдтэй ажилладаг хуульчдын хувьд үйлчлүүлэгчид нь өөрсдөө хиймэл оюун ухаан ашигладаг тул үйлчилгээний хөлсийг бууруулахыг шаардах чадамжтай байдаг аж. Мөн хуульчид хиймэл оюун ухааны гаргасан алдааг шалгах, залруулахад ихээхэн цаг зарцуулж байгаа нь үр ашгийг бууруулах хүчин зүйл болж байна.
Үйлчлүүлэгчид ч мөн адил хиймэл оюун ухаан ашиглан эрх зүйн судалгаа хийх болсон нь хуульчдын ажлын ачааллыг нэмэгдүүлж байна. Хуульчдын 46 хувь нь үйлчлүүлэгчид хиймэл оюун ухаанаас авсан ташаа мэдээлэлтэй ирдэг, 41 хувь нь хиймэл оюун ухаанаар бэлтгэсэн баримт бичгийг залруулах шаардлагатай болдог гэж мэдээлжээ. Энэхүү нөхцөл байдал нь хуулийн салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагыг улам бүр хурцалж байна.
Австралийн шүүхүүд болон хууль зүйн байгууллагууд 2023 оноос хойш хиймэл оюун ухааны буруу ашиглалтын асуудалтай нүүр тулж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Викториа мужийн нэгэн хуульч шүүхэд хуурамч эшлэл ашигласан нь тогтоогдож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан анхны тохиолдол гарчээ. Холбооны шүүхээс хиймэл оюун ухаан ашиглахтай холбоотой шинэ дүрэм журам гаргасан бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Стивен Гагелер хуулийн салбар дахь хиймэл оюун ухааны хэт их хэрэглээг “тогтворгүй үе шат” хэмээн тодорхойлсон байна.

