in

2024 онд биднийг гайхшруулсан 7 гайхалтай археологийн нээлт

Өтгөн ширэнгэн ойд нуугдсан нууцлаг хотуудаас эхлээд эртний судар бичвэрийг хиймэл оюун ухаанаар унших хүртэл энэ жилийн шилдэг олдворууд нь орчин үеийн болон уламжлалт арга барилууд археологийн ирээдүйг хэрхэн тодорхойлж буйг харууллаа.

2024 онд биднийг гайхшруулсан 7 гайхалтай археологийн нээлт

Өнөөдөр археологийн хамгийн чухал нээлтүүдийн ихэнх нь аль хэдийн олдсон олдвор, хүний үлдэгдэл дээр шинэ арга техник ашигласнаар ил болж байна. Жишээлбэл, Хүрэл зэвсгийн үеийн гамшгийн нарийн ширийн зүйлс эсвэл эртний Египетийн аллагын хэрэгт хэн буруутайг тогтоох гэх мэт.

2024 он ч үүнээс ялгаагүй байв. ДНХ шинжилгээ, алсын зайнаас тандан судлах технологи зэрэг орчин үеийн аргуудын тусламжтайгаар өнгөрсөн үеийн соёл, технологи, нийгмийн бүтэцтэй холбоотой шинэ нотлох баримтуудыг илрүүлжээ. Гэвч археологи шинжлэх ухааны ололтоор урагшилж байгаа ч ирээдүйн судалгаанд шинэ малтлага шаардлагатай хэвээр байна.

Сүүлийн 12 сарын хугацаанд хийгдсэн хамгийн чухал археологийн нээлтүүдээс хүргэе.

  1. Лидар технологи дэлхий даяарх нуугдсан хотуудыг илрүүлэв

Лидар (Light Detection and Ranging) нь лазер гэрлийн мянга мянган импульсийг ашиглан газар нутгийг сканнерддаг, радар болон сонарын аналог технологи юм. Энэ технологи хэдэн арван жилийн турш ашиглагдаж ирсэн ч, сүүлд ургамлын давхарга доорх асар том бүтэц, эртний газрын гадаргуугийн нарийн өөрчлөлтийг илрүүлэх чадвараараа археологид хувьсгал авчирч байна.

Лидарын сканнердалтын тусламжтайгаар өнөөгийн Узбекистаны зүүн өмнөд хэсэгт байрлах, Торгоны замын дагуух саяхан илрүүлсэн дундад зууны Тугунбулак хотын хэрэм, хамгаалалтын байгууламжуудыг илрүүлжээ.

Лидар төхөөрөмж бүхий жижиг онгоцоор нисэхэд археологичид өргөн цар хүрээтэй бүс нутгийг сканнердах боломжтой. Энэхүү арга нь Төв болон Өмнөд Америкийн өтгөн ширэнгэн ойн доорх байгууламжийг илрүүлэхэд онцгой үр дүнтэй байжээ. Энэ онд илэрсэн олдворууд дунд Мексикийн өмнөд хэсэгт орших Кампечед Майягийн суурингууд, Эквадорын Амазоны ширэнгэн ойд байрлах цэцэрлэг, зам, гол мөрний ландшафт, Номхон далайн Тонга арал дахь эртний балгасууд, мөн Узбекстан дахь Торгоны замын дагуу орших хоёр дундад зууны хотын үлдэгдэл багтсан байна.

2. Египетэд булш, сахиус болон бусад олдворууд илрэв

Египетийн олдворууд орчин үеийн археологийн хөгжилд урам өгсөн бөгөөд тэдгээрийн нээлт үргэлжилсээр байна. Энэ зун судлаачид Египетийн өмнөд хэсэгт 33 булш, Нил мөрний бэлчирт 63 булш илрүүлж, алтлаг өнгөтэй гайхамшигт сахиус, зоос, вааран эдлэл олсон тухайгаа мэдээлжээ. Ойролцоогоор 2,000 жилийн настай эдгээр олдворууд нь Египетийн түүхийн хожуу үеэс улбаатай бөгөөд судлаачид тухайн үеийн оршуулгын зан үйл болон эртний ертөнцийн талаар илүү ихийг тодруулах боломжтой гэж найдаж байна.

Мөн судлаачид Египетийн бичээчдийн биед үзүүлсэн ажлын байрлалын сөрөг нөлөөг тэмдэглэж, эрт үед Гизагийн пирамидыг барихад чулуу зөөхөд ашиглаж байсан Нил мөрний одоогоор ихэнхдээ ширгэсэн салаа урсгалыг илрүүлжээ.

3. Петра дахь цөлийн булш

Энэ жилийн хамгийн онцгой нээлтийн нэг нь Иорданы Петрагийн цөлийн археологийн газарт байрлах алдарт улаан элсэн чулуугаар сийлсэн байгууламжуудын доор, Хазне буюу Сан хөмрөгийн доорх булшнаас илэрсэн 12 эртний араг яс байв. Археологичдын үзэж байгаагаар Арабын эртний салбар болох Набатейчууд хэмээх нүүдэлчид МЭӨ 4-р зуунаас эхлэн Петрагийн нутагт нас барагсдаа оршуулж эхэлсэн байна. Харин МЭӨ 2-р зуунд Петра Набатейчуудын нийслэл болж, нарийн хийцтэй усан сангийн систем нь хотыг усаар хангаж байжээ.

Петрагийн Сан хөмрөг буюу Аль-Хазнехийн сүрлэг фасадыг харсан зочид дотор нь томоохон байгууламж байх мэтээр төсөөлж болох ч үнэн хэрэгтээ энэхүү байгууламж нь ойролцоогоор 2,000 жилийн өмнө Набатейчуудын сийлсэн хатуу чулууны хананд байрлах нарийн хийцтэй булш юм.
Энэ жил археологичид Аль-Хазнехийн доор оршуулсан 12 араг яс илрүүлснээ зарлалаа. Уг цогцолборт байрлах булшнуудын цөөхөн хэсэг нь хүний үлдэгдэл агуулдаг тул судлаачид энэхүү шинэ олдвор Набатейчуудын талаар илүү их мэдээлэл өгөх болно гэж найдаж байна.

Хазне буюу арабаар “Аль-Хазнех” гэж нэрлэдэг энэхүү чулуугаар сийлсэн баганууд нь Петрагийн хамгийн алдартай байгууламж юм. Энэхүү нэр нь фасадын дээр байрлах том ваартай холбоотой домгоос улбаатай бөгөөд уг ваарт үнэт эрдэнэс нуугдаж байгаа гэж үздэг байв. Гэвч уг ваар нь үнэндээ хатуу элсэн чулуугаас бүтсэн байжээ. Домог худал байсан ч археологичид Хазнегийн доорх булш нь Набатейчуудын талаар илүү ихийг мэдэх үнэт нээлт хэмээн онцолж байна.

4. Хиймэл оюун Везувийн дэлбэрэлтэд шатсан судрыг уншив

Хоёрдугаар сард судлаачид МЭ 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөн шатсан 2,000 жилийн настай судрын хэсгийг хиймэл оюун ашиглан уншсан тухай зарлав. Уг дэлбэрэлт нь Помпейг сүйтгэсэнтэй ижил гамшиг бөгөөд энэ судар нь 18-р зуунд илэрсэн ойролцоогоор 1,800 ширхэг папирус судрын нэг юм. Эдгээр судруудыг Помпейгоос 10 милийн зайд байрлах, Везувийн галт уулын шатсан үнс, чулуу, хийтэй халуун цохилтод сүйдсэн эртний Ромын Херкуланум хотоос олжээ.

Херкуланумын судрууд нь дэлхий дээрх гэмтсэн гар бичмэлүүдийн дотроос хамгийн алдартай бөгөөд уншихад хамгийн хэцүү бичвэрүүдийн нэг юм. Энэ жил хиймэл оюун рентген туяагаар сканнердсан нэг судрын агуулгыг тайлахад тусаллаа.

Дэлбэрэлт эдгээр судрыг шатсан хар хэлтэрхий болгон хувиргаж, унших боломжгүй болгосон гэж үзэж байсан. Харин одоо эрдэмтэд тэдгээрийн нэгийг рентген туяагаар сканнердаж, хиймэл оюун ашиглан тайлж уншсан байна. Эхний тайлалтад амьдралыг хэрхэн таашаалтайгаар эдлэх талаар өгүүлсэн 15 багана текст, 2,000 гаруй бичвэр тэмдэгт багтжээ. Үүнийг Грекийн философич Эпикурын сургаалийг дагагч нэгэн бичсэн байх магадлалтай гэж үзэж байна.

5. Хамгийн эртний эмээл

2700 жилийн настай энэ эмээл Хятадын баруун хойд хэсэгт байрлах Такламаканы цөлийн захад орших Янхайгийн оршуулгын газарт нэгэн эмэгтэйн булшнаас илэрчээ. Хэдийгээр хүмүүс морийг хэдэн мянган жилийн өмнө гаршуулсан ч, эртний сийлбэрүүдэд морьдыг голдуу нүцгэн нуруугаар эсвэл гишгүүр, дэвсгэр ашиглан унаж байсан нь дүрслэгдсэн байдаг. Эмээл бол морь унах явцыг илүү урт замыг туулж, унаач болон моринд гэмтэл учруулахгүй байхад зориулсан дараагийн үеийн технологийн дэвшил юм.

Янхайгаас олдсон эмээл нь арьсаар хийгдсэн бөгөөд дотор нь сүрэл болон амьтны үс дүүргэсэн байв. Энэ нь тухайн бүс нутгийн жирийн малчид ашигладаг, сайн хийцтэй боловч хямд үнэтэй зүйл байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар морь унах соёл Төв Азийн хойд нутгаас Хятадад нэвтэрсэн гэж үздэг боловч Янхайгаас олдсон энэ эмээл нь археологийн дурсгалт олдвор дундаа хамгийн эртнийх юм. Уг эмээл нь арьсан хэсгүүдийг оёж, сүрэл болон амьтны үсээр дүүргэсэн бүтэцтэй байв. Ийм төрлийн органик материалууд ихэвчлэн хурдан мууддаг ч хуурай цөлийн орчин түүнийг хадгалах боломжийг олгожээ.

6. Маяачуудын булшнаас олдсон хаш маск болон бусад олдворууд

Гватемалын Чочкитам дахь Маяагийн хааны булшнаас нүд, шүдийг далайн хясаагаар чимэглэж, хаш чулуун хэсгүүдийг нийлүүлэн урласан нарийн хийцтэй хаш маск олджээ. Радиокарбоны шинжилгээгээр энэхүү маск нь ойролцоогоор МЭ 350 оны үед хамаарах бөгөөд судлаачид үүнийг Маяагийн шуурганы бурхны дүрс гэж үзэж байна. Ийм маскуудыг ихэвчлэн Маяагийн хаадын оршуулгад зориулан бүтээдэг байсан бөгөөд уг хааны булшийг мөн галт уулын обсидиан шилээр хийсэн хутга, сийлбэрүүдээр чимэглэсэн байжээ.

Энэ жил зарлагдсан бусад Маяагийн нээлтүүдэд Мексикийн Чичен Ица эртний хотын ойролцоо олдсон тахилын хохирогчдын генетикийн шинжилгээ, мөн Гватемалын өөр нэг газарт олдсон шатаасан хүний үлдэгдэл багтсан байна. Эдгээр нь тухайн үеийн улс төрийн өөрчлөлтийг илэрхийлж байж болзошгүй юм.

7. Стоунхенжийн “Тахилын чулуун”-ны гарал үүсэл

Английн баруун өмнөд хэсэгт орших Неолитын үеийн Стоунхенж хөшөө дурсгал дундад зууны үеэс алдартай болсон ч орчин үеийн технологиуд түүний бүтээн байгуулалтын талаар илүү ихийг илчилж байна. Наймдугаар сард судлаачид энэхүү байгууламжийн төв хэсэгт байрлах тахилын чулууг анх Шотландад үүссэн элсэрхэг чулуугаар бүтээсэн болохыг олж тогтоожээ. Стоунхенжийн одоогийн байршил болох Солсберигийн тал хөндлөөс хэдэн зуун милийн зайтай Шотландаас уг чулууг авчирсан нь ойролцоогоор 4,600 жилийн өмнө асар том хөдөлмөр шаардсан ажил байсан гэж археологичид үзэж байна. Энэ чулуу нь зургаан тонн гаруй жинтэй бөгөөд тухайн үед баригчид дугуй ашиглаагүй байж магадгүй юм.

Неолитын үеийн хүмүүс Стоунхенжийг барихдаа ашигласан чулуунууд Англи болон Уэльсийн тодорхой газруудаас гаралтай болохыг өмнө нь тогтоож байсан. Харин шинэ судалгаагаар тойргийн тахилын чулуу Шотландаас гаралтай байх магадлалтайг харуулж байна.

Өмнөх судалгаагаар гол тойрогт байрлах сасан чулуунуудыг нутгийн элсэрхэг чулуунаас зүсэж авсан бол доторх жижигхэн цэнхэр чулуунуудыг Уэльсийн баруун өмнөд хэсгээс, 100 гаруй милийн зайнаас авчирсан болохыг тогтоосон байдаг. Стоунхенжийн хамгийн эртний хэсэг нь 5,000 жилийн өмнөх үед хамаардаг ба судлаачид уг байгууламж анх оршуулгын газар байсан ч олон мянган жилийн туршид өргөжин, Неолитын шашны дурсгалт газар болж хөгжсөн гэж үзэж байна.

nationalgeographic.com

What do you think?

19 Points
Upvote Downvote

Leave a Reply

Ноён морьноос хэр удаан явдаг вэ? Математик аргачлалаар харьцааг нарийн тодорхойлов

Ноён морьноос хэр удаан явдаг вэ? Математик аргачлалаар харьцааг нарийн тодорхойлов

“Толин бактер” дэлхийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй

“Толин бактер” дэлхийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй