АНУ-ын Флорида мужид хоол хүргэлтийн Uber Eats-ийн жолоочийг буудаж, бууны бариулаар цохисон хэрэгт буруутгагдаж буй 33 настай фитнесс дасгалжуулагч Khuslen Saruultuya (С.Хүслэн) хэргийг шүүх хүртэл батлан даалтад гарахыг хүсчээ. Тэрээр өнгөрсөн сард баривчлагдсан бөгөөд хүн алахыг завдсан хэрэгт буруутгагдаж байгаа ч гэм буруугүй гэж мэдүүлсэн юм.
Мөрдөн байцаагчдын мэдээллээр Uber Eats-ийн жолооч С.Хүслэнгийн найз охины амьдардаг байранд хоол хүргэж очоод, бүсгүйтэй сээтэгнэн богино хугацаанд ярилцжээ. Ойролцоогоор 40 минутын дараа жолооч тус байранд дахин ирж бүсгүйг хайсан ч олоогүй. Энэ үеэр бүсгүй жолоочийг буцаж ирсэн тухай найз залуудаа мессежээр мэдэгдэж, айж байгаагаа хэлсэн байна.
Прокурорын хэлж буйгаар жолоочийг байрнаас гарахад С.Хүслэн түүнийг гадаа хүлээж байжээ. Жолооч мөрдөн байцаагчдад өгсөн мэдүүлэгтээ, тэр эр өөр рүү нь буу чиглүүлэн заналхийлж, машиных нь эргэн тойронд хөөсөн гэж ярьсан. Шерифийн газрын мөрдөн байцаагч Эдсон Досантос шүүх хуралдаанд жолоочийн мэдүүлгийг иш татан, халдагч “Би чамайг алнаа” гэж сүрдүүлсэн гэж мэдүүлсэн юм. Жолооч эхлээд буун дуу сонссон бөгөөд дараа нь халдагч түүний толгойн ар тал руу нь ямар нэгэн зүйлээр цохисон байна.
С.Хүслэн найз охин нь айж байна гэж хэлсэн тул түүнийг хамгаалах зорилгоор очсон, буу санамсаргүй буудсан гэж мэдүүлжээ. Харин прокурор энэ хувилбарыг үгүйсгэж байгаа. Прокурорын үзэж буйгаар түүний үйлдэл санаатай байсан, өөрийгөө хамгаалсан хэрэг биш бөгөөд атаа жөтөө, уур хилэн түүнийг ийм үйлдэлд хөтөлсөн гэжээ.
Прокурор түүнийг батлан даалтад гаргахыг эсэргүүцэж байгаа. Мөрдөн байцаагчид түүний гэрт нэгжлэг хийхэд кокаин зэрэг мансууруулах бодис гэж сэжиглэгдэж буй зүйл бүхий уутнууд болон 11,000 гаруй ам.долларын бэлэн мөнгө илэрсэн нь эсэргүүцлийн нэг үндэслэл болжээ.
С.Хүслэн 11-р сарын 18-нд болсон шүүх хуралдаанд батлан даалтад гарах хүсэлт гаргасан. Шүүгч тухайн өдөр шийдвэр гаргаагүй бөгөөд шийдвэрээ 11-р сарын 19-нд мэдэгдэнэ гэжээ.
Эх сурвалж: NBC Miami

