Хиймэл оюун ухаан ба роботын ирээдүй: Элон Маск ба Жэнсэн Хуанг нарын үзэл бодол
Элон Маск роботуудаар дүүрэн ирээдүйд хүмүүс ямар ч ажил хийхгүйгээр үнэгүй мөнгө авах боломжтой гэж үздэг бол Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг үүнийг эсэргүүцэж байна. Түүний үзэж байгаагаар хиймэл оюун ухаан (AI) болон роботын хөгжил нь хүмүүсийг илүү завгүй болгох ирээдүйг авчирна.
Fox Business телевизийн нэвтрүүлэгт оролцсон Жэнсэн Хуанг Хятад руу чип борлуулах асуудал, Nvidia-ийн амжилт, мөн AI-ийн хөөсрөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр AI хөөсрөлт хагарахгүй гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд Сэм Олтманы үгийг давтан дурдсан юм.
Мөн тэрээр Nvidia-ийн Jetson Thor гэх “роботын тархи” төслийг танилцуулж, ирээдүйд роботын системүүд эмнэлэгт мэс засал хийх, үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйд ажиллах зэрэг олон салбарт ашиглагдана гэж онцоллоо. Түүний хэлснээр, роботын хөгжил нь аж үйлдвэрийн компаниудыг AI болон автоматжуулалтын шийдлүүдийг хэрэглэхэд хүргэж, “үнэхээр сонирхолтой ирээдүй” нээж өгнө.
Гэсэн хэдий ч Хуанг хүмүүсийн чөлөөт цаг нэмэгдэнэ гэсэн байр суурийг үгүйсгэжээ. Харин ч эсрэгээрээ хүмүүс илүү завгүй болох бөгөөд энэ нь ажлууд илүү хурдтай хийгдэх боломжтой болсонтой холбоотой гэж үзсэн байна. Тэрээр ажлын долоо хоног богиносож магадгүй гэж найдаж байгаа ч хүмүүсийн хийх ажил улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Жэнсэн Хуанг AI болон автоматжуулалт эдийн засгийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд зарим ажлууд устах ч шинэ ажлууд бий болно гэж онцоллоо. Тэрээр AI-ийн үр нөлөөгөөр бүх салбарын ажил өөрчлөгдөнө гэдэгт эргэлздэггүй.
Элон Маскын үзэл бодлоос ялгаатай нь Хуанг “ирээдүйд хүн бүр үнэгүй мөнгө авна” гэсэн санаанд итгэдэггүй бөгөөд энэ нь технологийн бус улс төрийн өөрчлөлт шаарддаг гэж үзэж байна. Nvidia-ийн хувьцааны үнэ буурч, AI хөөсрөлтийн талаар хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж байгаа нь энэ маргааныг улам хурцатгажээ.
Эх сурвалж: Gizmodo