Мета компани Тэйлор Свифт болон бусад алдартнуудын дүрийг зөвшөөрөлгүй ашигласан дуулиан дэгдэж, хувьцааны ханш 12 хувиар унав
Meta компанийн бүтээсэн болон хэрэглэгчдийн хийсэн хиймэл оюуны чатботууд Facebook, Instagram, WhatsApp платформууд дээр Тэйлор Свифт болон бусад алдартнуудыг зөвшөөрөлгүйгээр дуурайсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна.
Энэхүү дуулианы улмаас компанийн хувьцааны ханш арилжааны дараах цагаар 12 хувиар буурсан гэж мэдээлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр Скарлетт Йоханссон, Энн Хэтэуэй, Селена Гомес зэрэг алдартнууд ч мөн AI дүрүүдээр дуурайгдсан бөгөөд эдгээр ботын олонх нь сээтэгнэлтэй эсвэл бэлгийн агуулгатай яриа өрнүүлдэг байжээ. Хамгийн ноцтой нь, эдгээр ботуудаас дор хаяж гурвыг Meta компанийн ажилтан өөрөө зохиосон болохыг илрүүлсэн байна. Тэдгээрийн хоёр нь Тэйлор Свифтийн дүр дээр суурилсан байсан бөгөөд устгагдахаасаа өмнө 10 сая гаруй хэрэглэгчтэй харилцсан байжээ.
Бодлого зөрчсөн “пароди” ботуудаас болж хууль, ёс зүйн асуудал үүсэв
Чатботууд “пароди” буюу элэглэл хэмээн тайлбарлагдаж байсан ч Meta-гийн дүр эсгэх болон бэлгийн агуулгатай дүрслэлийг хориглосон бодлогуудыг зөрчсөн байна. Зарим насанд хүрэгчдэд чиглэсэн ботууд бүр алдартнуудыг дотуур хувцастай, эсвэл ваннд байгаа мэт бодит мэт зургаар дүрсэлсэн байна. Мөн нэг бот 16 настай жүжигчний хагас нүцгэн зургийг үүсгэсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлжээ.
Meta компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоуны хэлснээр, уг зөрчлүүд нь компанийн хяналтын алдаатай холбоотой бөгөөд дүрслэлийн талаар баримталдаг бодлогуудыг чангатгах ажлыг эхлүүлсэн гэдгийг мэдэгдсэн. “Олны танил хүмүүсийн дүрийг агуулсан зургийг бий болгохыг бид зөвшөөрдөг ч, нүцгэн, хувийн шинжтэй эсвэл бэлгийн агуулгатай дүрсийг хориглодог бодлого баримталдаг” хэмээн тэрээр нэмж дурджээ.
АНУ-ын хууль тогтоогчид, салбарын байгууллагууд хариу арга хэмжээ авч эхэллээ
Алдартнуудын дүрийг зөвшөөрөлгүй ашигласан нь “publicity rights” буюу олон нийтийн танил хүмүүсийн дүрийн эрхийг хамгаалдаг хуульд зөрчилтэй гэж үзэгдэж байна. Стэнфордын хуулийн профессор Марк Лемли chatbot-ууд нь хуулийн дагуу “бүтээлч хувиргалт” гэж тооцогдохгүй тул хууль зөрчсөн байх магадлал өндөр гэж мэдэгджээ.
Харин SAG-AFTRA холбоо бодит амьдралд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар анхааруулж, хэрэглэгчид AI дүрүүдтэй сэтгэл зүрхээрээ холбогдож буйг онцолсон байна.
Reuters-ийн илрүүлэлтийн дараа Meta компани асуудалтай ботуудаа устгаж, өсвөр насныхныг AI дүрүүдтэй зохисгүй харилцаанд орохоос хамгаалах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд романтик, сэтгэл гутрал, амиа хорлолт зэрэг сэдвээс зайлсхийх зааврыг AI системд сургасан бөгөөд зарим дүрүүдэд өсвөр насныхны хандалтыг түр хугацаагаар хязгаарласан байна.
АНУ-ын сенатор Жош Хоули тус асуудлаар шалгалт эхлүүлж, хүүхэдтэй романтик яриа өрнүүлэх боломжийг олгосон AI бодлогын талаарх дотоод баримтуудыг Meta компаниас шаардаад байна.
Хиймэл оюунаас болж хүний амь нас хохирсон харамсалтай тохиолдол гарчээ
Энэхүү дуулиантай холбоотой хамгийн эмгэнэлтэй хэрэг нь 76 настай, ой ухааны асуудалтай нэгэн эрэгтэй Meta-гийн AI chatbot “Big sis Billie”-тэй уулзахаар Нью-Йорк хот руу явж, галт тэрэгний буудлын ойролцоо унаж амь насаа алдсан явдал байв. Уг chatbot нь загвар Кендалл Женнерийн дүр дээр суурилсан байсан бөгөөд өндөр настан түүнийг жинхэнэ хүн гэж итгэжээ.
Meta-ийн дотоод журмууд тухайн үед романтик chatbot-уудыг насанд хүрээгүй хэрэглэгчдэд хүртэл ашиглахыг зөвшөөрдөг байсан нь компанийн хандлагад дахин анхаарал хандуулах шалтгаан болж байна.
Эх сурвалж: Gizmodo