“Blinding Lights” дууны түүхэн амжилт үргэлжилсээр байна
The Weeknd-ийн алдарт “Blinding Lights” дуу Spotify платформ дээр түүхэн амжилт үзүүлж, таван тэрбум удаа тоглогдсон анхны уран бүтээл боллоо. Энэхүү мэдээг Spotify өөрийн албан ёсны Instagram хуудсаар дамжуулан зарласан бөгөөд The Weeknd өөрийн 78 сая дагагчтай хуудсаар энэ баярт мөчийг хуваалцжээ.
Энэхүү амжилт нь саяхан гарсан өөр нэгэн томоохон үнэлгээний дараа тохиосон юм. Billboard сэтгүүл “Blinding Lights” дууг 21-р зууны шилдэг R&B/Hip-Hop бүтээлүүдийн жагсаалтын нэгдүгээр байрт нэрлэсэн байна. Тус жагсаалтад 2000-2024 оны хооронд гарсан дуунуудыг хамруулсан бөгөөд The Weeknd-ийн уран бүтээл шилдгийн шилдгээр тодорчээ.
“Blinding Lights” анх 2019 оны 11-р сард “After Hours” цомгийн хоёр дахь сингл хэлбэрээр цацагдсан. Дуу нь 2020 онд Billboard Hot 100 жагсаалтыг дөрвөн долоо хоног дараалан тэргүүлж, бүтэн жилийн турш эхний 10 байрт багтсан анхны дуу болж түүхэнд бичигдсэн юм. Мөн 2021 оны 11-р сард “The Twist”-ийг ардаа орхин Billboard-ийн “Бүх цаг үеийн шилдэг Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн.
2024 оны 1-р сард энэ дуу Spotify дээр дөрвөн тэрбум удаа сонсогдсон анхны уран бүтээл болж байсан бол өнөөдөр таван тэрбумыг давсан нь дахин нэгэн дээд амжилт боллоо. Энэ талаар The Weeknd “Миний бүтээлүүдийг сая сая хүн сонсож байгаад би үргэлж талархдаг. Тэр дундаа ‘Blinding Lights’ дуу дахин дахин сонсогдож байгаа нь баярлуулж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Blinding Lights” нь The Weeknd-ийн Spotify-ийн “Billions Club”-д багтсан 28 дууны нэг бөгөөд энэ нь ямар ч уран бүтээлчийн дунд хамгийн олон бүтээлтэй үзүүлэлт юм. Түүнчлэн тэрээр Spotify-ийн зохион байгуулсан анхны “Billions Club: Live” тоглолтод оролцсон байна.
Эх сурвалж: Billboard