Антропик компани зохиолчдод 1.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоор тохиролцлоо
Хиймэл оюун ухааныг (AI) сургахад бүтээлүүдийг нь хууль бусаар ашигласан зохиолчдод нөхөн төлбөр олгох анхны түүхэн тохиролцоог АНУ-д байгууллаа. Anthropic компани нийт 1.5 тэрбум ам.доллар (ойролцоогоор нэг ном тутамд 3,000 ам.доллар) болон нэмэлт хүү төлөхөөр зохиолчидтой тохиролцсон байна. Энэ нь зохиогчийн эрхийн маргааны хүрээнд АНУ-ын шүүхийн түүхэнд тохиосон хамгийн өндөр дүнтэй гэрээ гэж өмгөөлөгчид дүгнэжээ.
Шүүхийн баталгаажуулалт шаардлагатай
Тохиролцоог хүчин төгөлдөр болгохын тулд 9-р сарын 8-нд болох шүүхийн сонсголоор батлах ёстой. Хэвлэлийн мэдээллээр нийт 500,000 орчим бүтээлд нөхөн төлбөр олгохоор тооцсон ч хэрэв энэ тоо нэмэгдвэл Антропик компани бүр бүтээл тутамд нэмэлт 3,000 ам.доллар төлөх үүрэг хүлээжээ. Мөн тэд AI загвар сургахад ашигласан хуулбар файлуудыг устгах шаардлагатай.
Гэсэн ч тохиролцоо нь зөвхөн өнгөрсөн хугацаанд үүссэн маргаанд хамаарах бөгөөд Антропик компанид ирээдүйд AI сургах зорилгоор зохиол ашиглах лиценз олгохгүй, мөн 2025 оны 8-р сарын 25-наас хойш үүсэх ямар ч нэхэмжлэлд хамаарахгүй гэж тусгажээ.
Нэхэмжлэлийн үүсэл ба шүүхийн шийдвэрүүд
2024 оны 8-р сард зохиолч Андреа Бартз, Чарльз Грэбер, Кирк Уоллес Жонсон нар Антропик компани зохиогчийн эрхтэй номыг хулгайлан ашиглаж, олон тэрбум ам.долларын AI бизнес босгосон гэж шүүхэд хандсан. Холбооны шүүгч тухайн үед хууль ёсны эрхтэйгээр авсан номыг AI сургахад ашиглах боломжтой гэж үзсэн ч хулгайлагдсан файлуудын хувьд тусдаа шүүх хурал шаардагдана хэмээн заасан байна.
2025 оны 7-р сард Калифорнийн холбооны шүүх АНУ-ын бүх зохиолчдыг төлөөлсөн анги нэхэмжлэл гаргах эрхийг зөвшөөрч, маргаан өргөжсөн. Улмаар өнгөрсөн сард Антропик компани уг маргааныг шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн тухайгаа зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл одоо л ил болов.
Антропик компанийн байр суурь
Антропик компанийн дэд ерөнхий зөвлөх Апарна Сридхар “Өнөөдрийн тохиролцоо нь, хэрэв шүүх баталбал, хуучин нэхэмжлэлүүдийг эцэслэх бөгөөд бид ирээдүйд аюулгүй, үр ашигтай AI систем бүтээхэд анхаарч ажиллах болно” хэмээн The Verge сэтгүүлд мэдэгджээ.
AI салбар дахь зохиогчийн эрхийн маргаан нэмэгдсээр
Энэхүү тохиролцоо нь AI хөгжүүлэгч компаниуд зохиогчийн эрхийг хэрхэн зөрчиж буй талаар маргаан улам хурцадмал болж буй үед онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Хэвлэн нийтлэгчид болон өгөгдөл нийлүүлэгчид AI компаниудтай лицензийн хэлцэл байгуулах тоо нэмэгдэж буй энэ үед энэ жишиг шийдвэр салбарын цаашдын чиг хандлагад нөлөөлж болзошгүй байна.
Антропик компани сүүлийн жилүүдэд хэд хэдэн шүүхийн маргаанд оролцсон. 2023 онд Universal Music зохиогчийн эрхтэй дууны үгсийг өргөн хүрээнд хуулбарласан хэргээр, харин 2024 онд Reddit тэднийг өөрсдийн AI системд зориулан 100,000 гаруй удаа хандалт хийсэн гэж шүүхэд өгсөн юм.
Нэхэмжлэгчид хэрхэн оролцох вэ?
Зохиолчид болон эрх эзэмшигчид AnthropicCopyrightSettlement.com сайтаар дамжуулан ангид нэхэмжлэлийн зөвлөхтэй холбоо барьж, тохиролцоонд хамрагдах эсэхээ шийдвэрлэх боломжтой. Мөн шүүх урьдчилсан зөвшөөрөл олгосны дараа тус вэбсайт тохиролцоонд хамрагдсан бүтээлүүдийн жагсаалт, нэхэмжлэгчийн эрх, сонголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.
Эх сурвалж: The Verge