OpenAI хиймэл оюун ухааны шинэ төхөөрөмжүүдийг хөгжүүлж байна
OpenAI компани Apple-ийн домогт дизайнер Жони Айвтай хамтран шинэ төрлийн хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд дээр ажиллаж буй талаар The Information мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр төхөөрөмжүүдийн нэг нь дэлгэцгүй ухаалаг чанга яригчтай төстэй байх аж.
Тус хэвлэлийн мэдээгээр, OpenAI компани Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг угсардаг Goertek, мөн iPhone болон AirPods-ийг үйлдвэрлэдэг Luxshare зэрэг Хятадын нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, ирээдүйн бүтээгдэхүүнүүдийн бүрэлдэхүүн хэсгийг нийлүүлэхээр тохиролцож байгаа гэнэ.
OpenAI ухаалаг нүдний шил, дижитал дуу хураагч, бие дээр зүүдэг ухаалаг зүү зэрэг шинэ төрлийн төхөөрөмжүүдийг 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр танилцуулах зорилготой байгаа талаар мэдээлжээ.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтман тавдугаар сард Айвтай хамтран “төхөөрөмжийн цоо шинэ ангилал” бүтээх талаар ярьсан бөгөөд эхний загвар нь “дэлгэцгүй, халаасанд багтах хэмжээтэй, нөхцөл байдлыг мэдэрдэг” төхөөрөмж байх болно гэжээ. Энэхүү шинэ мэдээлэл нь өмнө нь тархсан цуурхлуудтай нийцэж байгаа ч, бусад төхөөрөмжүүдийн талаар анх удаа тодорхой мэдээлэл цацагдаж байна.
Олтман өмнө нь “анхны төхөөрөмж нь ухаалаг нүдний шил биш” гэж мэдэгдэж байсан ч, шинэ цуурхлуудаас харахад ийм төрлийн бүтээгдэхүүн цаашид гарч ирж магадгүй байна. Харин ухаалаг зүү төхөөрөмж нь гайхалтай нэмэлт байж болох ч, Айв өмнө нь ийм төрлийн төхөөрөмж хөгжүүлэхэд шүүмжлэлтэй ханддаг байсан бөгөөд Humane AI Pin-ийн талаар сөрөг байр суурь илэрхийлж байжээ.
The Information-ийн мэдээлснээр OpenAI одоогоор Apple-ийн нийлүүлэлтийн сүлжээг ашиглаж, шинэ төхөөрөмжүүдийн туршилт, үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Luxshare нь iPhone болон AirPods, харин Goertek нь AirPods, HomePod, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдийг угсардаг гол ханган нийлүүлэгч юм. Мөн мэдээллээр бол Apple сүүлийн үед Хятадын түншүүдтэй хийх уулзалтуудаа цуцалж, АНУ дахь төв байрандаа анхаарлаа төвлөрүүлж байгаа нь OpenAI-д шилжилт хийх хөдөлгөөнийг хязгаарлах оролдлого байж болзошгүй ажээ.
Apple-ийн хэрэглэгчийн төхөөрөмжийн багт ажиллаж байсан олон инженер, дизайнерууд сүүлийн саруудын турш OpenAI руу шилжиж байгаа бөгөөд компанийн одоогийн тоног төхөөрөмжийн захирал, Apple-ийн бүтээгдэхүүний загварын багийг удирдаж байсан Тан Тан нь “бюрократ багатай, илүү бүтээлч хамтын ажиллагаатай орчин” амлаж, шилжилтийг урамшуулж байгаа тухай ч дурдагдсан байна.
🔗 Эх сурвалж: The Verge