Сүүлийн үеийн судалгаагаар орой унтаж, шөнө идэвхтэй байдаг хүмүүс буюу “Night owl” гэж нэрлэгддэг хүмүүсийн хувьд сэтгэл гутралд өртөх магадлал илүү байдаг нь тогтоогджээ.
Нийгэмд шөнийн хүмүүсийг ихэвчлэн залхуу, бүтээмж муутай гэж үздэг. Учир нь тэд өдөр унтдаг, харин нийгэм тэр чигтээ өдөр идэвхтэй ажиллаж, амьдрахыг шаарддаг. Харин одоо бол судалгаагаар тэд зөвхөн бүтээмжийн хувьд төдийгүй сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ч илүү эрсдэлтэй бүлэгт хамаарч болох нь батлагдлаа.
Их Британийн Суррейн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн мэдрэлийн ухааны судлаач доктор Саймон Эванс Medical News Today-д өгсөн ярилцлагадаа:
“Сэтгэл гутрал нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Ажлын бүтээмж, боловсрол эзэмших үйл явцыг хязгаарлахаас гадна зүрхний өвчин, цус харвалт зэрэг ноцтой эрүүл мэндийн асуудлуудын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бид энэ асуудлыг судлах нь нэн чухал юм” гэжээ.
Мэдээж хэрэг, сэтгэл гутралд өртөх эрсдлийг бууруулах амархан арга байдаг бол хүн бүр л түүнийг сонгох байсан. Энэ тохиолдолд, шөнө орой унтахын оронд арай эрт унтаж хэвших нь нэг шийдэл байж мэднэ. Гэвч зарим хүмүүсийн хувьд ажил, амьдралын нөхцөл нь шөнө идэвхтэй байхыг шаарддаг тул энэ нь төдийлөн боломжгүй байдаг.
Тэгвэл шөнийн цагаар ажилладаг хүмүүс эсвэл шөнө амьдрал нь эхэлдэг хүмүүс бүгд сэтгэл гутралд өртөх үү?
PLOS One сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгаагаар дараах зүйлс тогтоогджээ:
“Шөнийн хүмүүс нь сэтгэл гутралын шинж тэмдэг илүүтэй, унтлагын чанар муу, ухамсартайгаар үйлдэл хийх болон мэдрэмж, туршлагаа үгээр илэрхийлэх чадвар сул байсан. Түүнчлэн бодолд автах, архины хэрэглээ өндөр байжээ.”
Өнөөдөр залуучуудын тал хувь нь өөрсдийгөө “Night owl” буюу шөнийн хүмүүс гэж тодорхойлдог болсон. Үүний зэрэгцээ сэтгэл гутралын түвшин ч залуу насныхны дунд урьд өмнө байгаагүй өндөр байгааг доктор Эванс онцолж, “энэ хоёрын холбоог судлах нь маш чухал” хэмээн дурдсан.
Тэрээр мөн хэлэхдээ,
“Хамгийн чухал дүгнэлт бол оройн хэмнэл ба сэтгэл гутралын холбоо нь тодорхой хүчин зүйлүүдээр дамждаг явдал юм. Үүнд ухамсартайгаар үйлдэл хийх чадвар, унтлагын чанар, архины хэрэглээ зэрэг орно. Эдгээр нь яагаад оройн хүмүүс сэтгэл гутралын шинж илүүтэй илэрдэг шалтгааныг тайлбарлаж байна” гэв.
Судалгаа нь эдгээр эрсдэлийг бууруулах хэд хэдэн үр дүнтэй стратегиудыг ч санал болгож байна. Тухайлбал, бясалгал, mindfulness буюу ухамсарт төвлөрөх дасгал хийж сурах, унтлагын чанараа сайжруулах, архины хэрэглээгээ бууруулах нь оройн хэмнэлтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж болзошгүйг онцолжээ.