Марк Цукерберг сошиал орчинд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентыг улам нэмэгдүүлэхээр зорьж буйгаа илэрхийллээ

Мета хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэ контентыг танилцууллаа

Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн шинэ төрлийн контентыг нэмэхээр ажиллаж буйгаа мэдэгдлээ.

Лхагва гарагт болсон орлогын дуудлагын үеэр Цукерберг “Хиймэл оюун ашиглан онлайнд хуваалцагдаж буй бүтээлүүдийг үүсгэх, дахин боловсруулахад илүү хялбар болгосноор нийгмийн сүлжээний зөвлөмжийн системд асар их хэмжээний шинэ контент нэмэгдэх болно” гэж онцолсон байна.

Тэрбээр “Нийгмийн сүлжээ хоёр үе шатыг туулсан. Эхний шатанд найз нөхөд, гэр бүл болон дагаж буй хүмүүсийнхээ нийтлэлүүдийг хардаг байсан бол, дараагийн шатанд бүтээлч контентууд давамгайлж эхэлсэн. Харин одоо хиймэл оюун ухаан гурав дахь үеийн хөгжлийг тодорхойлох бололтой” хэмээн дурджээ.

Цукербергийн хэлснээр, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг “Гүнзгий ойлгож”, хэрэглэгчдэд “хамгийн тохирох контентыг харуулах” зөвлөмжийн систем улам үнэ цэнтэй болох гэнэ. Мета аль хэдийн өөрийн платформууддаа хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоо AI-д суурилсан тусгай нийгмийн аппликейшнүүдийг туршиж байна.

Мета компанийн санхүүгийн захирал Сьюзан Ли-ийн мэдээлснээр, хэрэглэгчид компанийн шинэ Vibes аппликейшн ашиглан 20 тэрбум гаруй зураг үүсгэсэн байна. Тус апп нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн видеонуудыг санал болгодог бөгөөд OpenAI-ийн Sora-тай төстэй технологитой. Цукерберг “Vibes бол хиймэл оюун ухаанаар үүсгэсэн шинэ төрлийн контентын тод жишээ бөгөөд үүнтэй адил олон төрлийн шинэ контентыг цаашид бүтээх боломжтой” хэмээн онцоллоо.

Тайлангийн хугацаанд Мета компани 51.24 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн дүн юм. Гэвч тус компани Ерөнхийлөгч Дональд Трампын “Их сайхан хууль”-тай холбоотойгоор нэг удаагийн 15.93 тэрбум ам.долларын татвар төлсөн байна.

Эх сурвалж: The Verge