Хүний тархи суперкомпьютерүүдээс хэдэн зуу дахин бага эрчим хүч зарцуулж, асар өндөр үр ашигтай тооцоолол хийдэг болохыг судлаачид онцолж байна.
Хүний тархи секундэд нэг эксафлоп буюу 10¹⁸ үйлдлийг ердөө 20 ваттын эрчим хүчээр гүйцэтгэдэг нь дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютерүүдийн эрчим хүчний хэрэглээнээс хэдэн сая дахин бага юм. Жишээ нь, Oak Ridge Frontier суперкомпьютер нэг эксафлоп үйлдлийг гүйцэтгэхэд 20 мегаваттын эрчим хүч шаарддаг бөгөөд өдөрт 207 тонн нүүрс шатаахтай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үүсгэдэг.
Энэхүү энерги хэмнэлтийг тархины мэдээлэл боловсруулах онцлогтой холбон тайлбарлахад, тархи мэдээллийг дараалалтай биш, харин олон тооны нейронуудыг зэрэгцүүлэн ашиглан боловсруулдаг нь гол хүчин зүйл болж байна. Энэ зарчмыг судалж, хиймэл оюун ухааны алгоритмыг тархины бүтэцтэй төстэйгээр шинэчлэхээр дэлхийн олон судалгааны баг ажиллаж байна.
Тухайлбал, Их Британийн Суррей их сургуулийн судлаачид тархины ойролцоо байрлах нейронуудыг холбох “Topographical Sparse Mapping” аргыг боловсруулж, хиймэл сүлжээний эрчим хүчний хэрэглээг эрс бууруулах боломжтойг харуулжээ. Австралийн Сидней, АНУ-ын Буффало их сургуулиуд ч тархины бүтэц, үйл ажиллагаанаас сэдэвлэсэн энерги хэмнэлттэй, илүү ухаалаг хиймэл оюун ухааны системүүдийг хөгжүүлж байна.
Эдгээр шинэ технологиуд нь хиймэл оюун ухааны эрчим хүчний хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй, илүү ухаалаг системүүдийг бий болгох боломжийг нээж байна.
https://www.nist.gov/blogs/taking-measure/brain-inspired-computing-can-help-us-create-faster-more-energy-efficient
https://www.surrey.ac.uk/news/brain-inspired-ai-could-cut-energy-use-and-boost-performance
https://www.buffalo.edu/news/releases/2025/07/neuromorphic-computing.html

