Хаббл энэ сүүлт одыг ажиглаж байх үед хамгийн гайхалтай зүйл тохиолдлоо

Published:

Хаббл телескоп сүүлт од задрах мөчийг гэрчилжээ.

2025 оны арваннэгдүгээр сард нарны ойролцоо хэт халуун орчинд өртсөн сүүлт од хэд хэдэн хэсэгт хуваагдсан байна. Энэ үйл явдлыг Хаббл сансрын телескоп санамсаргүйгээр ажиглан, дэлгэрэнгүй зураг авчээ. Алабама мужийн Оберн Их сургуулийн физикийн профессор, тус судалгааны хамтран судлаач Жон Нунан хэлэхдээ, “Заримдаа хамгийн сайн шинжлэх ухааны нээлтүүд санамсаргүй тохиолдлоор гардаг. Бидний анх судалж байсан сүүлт од техникийн шалтгааны улмаас харагдахгүй болж, өөр нэг сүүлт од руу анхаарлаа хандуулсан юм. Тэр үед л уг сүүлт од задарч эхэлсэн нь маш ховор тохиолдол байлаа” гэжээ. Хаббл телескоп хийсэн ажиглалтын үр дүнг “Icarus” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд дэлгэрэнгүй оруулсан байна.

C/2025 K1 (ATLAS) буюу K1 нэртэй сүүлт од нь 2025 оны тавдугаар сард анх илэрсэн бөгөөд Оортын үүлтэй холбоотой урт хугацааны сүүлт од юм. Уг сүүлт од 2025 оны аравдугаар сарын 8-нд нарны хамгийн ойр байрлалд буюу дэлхийгээс 49 сая км зайд ирсэн. Нарны хамгийн ойрын цэг буюу перигелийг өнгөрөхдөө сүүлт од их хэмжээний халалт, дарамтанд өртдөг бөгөөд K1 шиг урт хугацааны сүүлт од нарны ойролцоо өнгөрсний дараа задардаг.

K1 сүүлт од нь харамсалтай нь, нарны ойролцоо өнгөрсний дараа оршин тогтнож чадалгүй, хэд хэдэн хэсэгт задарчээ. Судлаачид уг сүүлт од задарч эхэлснийг Хаббл телескопоос ирсэн зурагнуудыг үзсний дараа л мэдсэн байна. Нунан хэлэхдээ, “Бидний хийсэн зурагт нэг биш дөрвөн сүүлт од харагдсан нь биднийг гайхашруулсан. Энэ нь маш онцгой зүйл болохыг бидэнд харуулсан” гэжээ. 2025 оны арваннэгдүгээр сард хийсэн Хaббл телескопын олон зурагт K1 сүүлт од дөрвөн тусдаа хэсэг болж задарсан нь тод харагдсан байна.

Хаббл телескопын өндөр нарийвчлалтай ажиглалтын ачаар сүүлт одны хэсгүүдийг тод ялгаж харж чадсан бол газрын төвүүд тэдгээрийг бүдэг гэрэлтэй бөөм мэт харуулсан байна. Судлаачдын таамаглаж буйгаар K1 нь Хаббл зураг авахын найман хоногийн өмнө задарч эхэлсэн бөгөөд Хаббл 2025 оны арваннэгдүгээр сарын 8-10-ны хооронд гурван удаагийн зураг авчээ. Энэ хугацаанд K1-ийн жижиг хэсгүүдийн нэг нь мөн задарсан байна. Нунан “Хаббл телескоп ийм ойрхон задарч буй сүүлт одны зургийг авч байгаагүй. Ихэнх тохиолдолд хэдэн долоо хоног эсвэл сарын дараа л ажиглагддаг. Энэ нь сүүлт одны гадаргуу дээрх физикийн үйл явцын талаар чухал мэдээлэл өгч байна. Бид үүгээр дамжуулан хийгээс үүссэн тоосны давхаргын бүрэлдэх хугацааг ойлгож болох юм” гэжээ.

Одоо уг сүүлт одны хэсгүүд дэлхийгээс 400 сая км орчим зайд, нарны аймгийг орхиж, дахин хэзээ ч эргэж ирэхгүй байдлаар явах замдаа байна. Шотландын Эдинбургийн Их сургуулийн профессор, тус судалгааны хамтран зохиогч Колин Снодграсс хэлэхдээ, “Хаббл телескопын K1-ийн санамсаргүй ажиглалт нь зарим урт хугацааны сүүлт од яагаад задардгийг ойлгоход тусалж, тэдний дотоод бүтцийг анх удаа харах боломжийг олгоно” гэжээ.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img