Ирэх зургадугаар сард холимог тулааны спорт сонирхогчдын дунд томоохон хүлээлт үүсгээд буй хоёр өөр өнгө төрхтэй арга хэмжээ болох гэж байна. Нэг талд UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтын АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулах “Цагаан ордны” тулаанууд, нөгөө талд MVP байгууллагын Netflix платформтой хамтарсан түүхэн эргэн ирэлтүүд олны анхаарлыг татаж байна.
Дана Уайтын баг зургадугаар сарын 14-нд Вашингтон хотын Линкольний дурсгалын цогцолборын ойролцоо Илья Топуриа, Жастин Гейтжи нарын хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулааныг товлоод байгаа юм. Мөн Алекс Перейра хүнд жинд хүч үзэж, Сирил Гантай учраа таарсан нь спортын чанар талаасаа маш өндөр түвшний арга хэмжээ болохыг илтгэж байна. Спортын шинжээч Дэймон Мартин энэхүү арга хэмжээг илүү мэргэжлийн, ур чадвар дээр суурилсан гэж үзэн сонгож байгаагаа илэрхийлжээ.
Харин MVP байгууллага Netflix-ээр дамжуулан эмэгтэйчүүдийн ММА-ийн домогт тамирчид болох Ронда Раузи болон Жина Карано нарын эргэн ирэлтийг үзүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн Фрэнсис Нганну, Нэйт Диаз, Майк Перри зэрэг “шоу” талыг гайхалтай бүрдүүлдэг тулаанчид оролцох нь үзэгчдийг татах гол хөшүүрэг болж байгаа юм. Шинжээч Александр К. Ли энэхүү түүхэн эргэн ирэлтүүдийг илүү сонирхолтой гэж үзэн MVP-ийн арга хэмжээг онцолж байна.
Гэсэн хэдий ч хоёр арга хэмжээний талаар шүүмжлэлүүд тасрахгүй байна. UFC-ийн хувьд Дана Уайтын амласан шиг “хамгийн агуу” бүрэлдэхүүн бүрдэж чадаагүй, ялангуяа Жон Жонс болон Алекс Перейра нарын тулааныг зохион байгуулж чадаагүй нь дутагдалтай тал болжээ. Нөгөө талд MVP-ийн арга хэмжээ хэт олон тулаан оруулсан нь үзэгчдийг уйдааж, анхаарлыг сарниулж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.
Тулааны спорт сонирхогчдын хувьд нэг нь спортын өндөр чанар, нөгөө нь түүхэн нэрс болон энтертайнмент талыг илүүд үзэж буй энэхүү “Их хуваагдал” дундаас аль арга хэмжээ нь илүү амжилт олохыг цаг хугацаа харуулах биз ээ.

