Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Polestar компани өөрийн тансаг зэрэглэлийн Polestar 3 жийп загварын үйлдвэрлэлээ БНХАУ-аас АНУ-ын Өмнөд Каролина муж дахь Volvo-гийн үйлдвэр рүү бүрэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Чарльстон дахь үйлдвэр нь дэлхийн зах зээл дэх Polestar 3-ын бүх нийлүүлэлтийг дангаараа хариуцах стратегийн чухал төв болж байна.
Volvo Cars компанийн гүйцэтгэх захирал Хакан Самуэлссоны онцолсноор, үйлдвэрлэлийг ийнхүү төвлөрүүлэх нь хоёр компанид ашигтайгаас гадна АНУ-ын зах зээл дэх Volvo болон Polestar-ын өсөлтийн зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү алхам нь бүс нутгийн болон экспортын эрэлтийг тогтвортой хангахад чиглэгдэж байна.
Өнгөрсөн 2025 оны үзүүлэлтээр Volvo-гийн борлуулалт 7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол Polestar брэндийн эрэлт 34 хувиар өссөн нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийнхүү хуваарилах үндэслэл болжээ. Polestar 3-ын үйлдвэрлэлийг АНУ-д төвлөрүүлснээр Volvo EX90 загвартай ижил дамжлагаар гарах бөгөөд энэ нь үйлдвэрийн ачааллыг оновчтой болгох давуу талтай юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, үйлдвэрлэлийг Хятадаас АНУ руу шилжүүлж байгаа нь олон улсын худалдааны татвар болон нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бууруулах алхам бөгөөд Polestar-ын хувьд Хойд Америкийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх томоохон боломж гэж харагдаж байна.

