Германы хүнд жингийн шилдэг боксчин Агит Кабайел сүүлийн үеийн амжилтаараа дэлхийн анхаарлын төвд байна. Тэрээр Арсланбек Махмудов, Фрэнк Санчес болон Жилей Жан зэрэг хүчирхэг өрсөлдөгчдийг дараалан буулгаж авснаар WBC-ийн түрүү бүсийг эзэмшиж байгаа юм. Саяхан Дамиан Кныбаг ялж бүсээ хамгаалсан түүний дараагийн бай нь дэлхийн аварга Александр Усик эсвэл WBC-ийн жинхэнэ аваргын төлөөх тулаан болоод байна.
Энэ зуур бокс сонирхогчдын дунд Британийн залуу авьяастан Мозес Итауматай тулалдах тухай яриа гарсан ч Кабайел үүнд яарахгүй байгаагаа илэрхийллээ. Тэрээр DAZN сувагт өгсөн ярилцлагадаа Итаумаг ирээдүйтэй, ухаалаг боксчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч дээд түвшний тулаанд хараахан бэлэн болоогүй гэж үзэж байна. “Тэр бол гайхалтай залуу, гэхдээ хүнд жингийн ангилалд ердөө хоёр л сайн тамирчинтай тулалдсан. Илүү олон шилдэг тамирчидтай тулалдаж, өөрийгөө баталсны дараа л бид тулааны талаар ярилцаж болно” хэмээн Кабайел онцолжээ.
Мозес Итаума саяхан Жермейн Франклинийг ялж, түүнийг хугацаанаас нь өмнө буулгаж авсан анхны тамирчин болсон нь олныг гайхшруулсан билээ. Нийт 14 тулаан хийж, 12-т нь нокаутаар ялалт байгуулаад буй 19 настай Итаума ирэх долоодугаар сард рингэнд эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Хоёр тамирчин хоёулаа Queensberry Promotions-д харьяалагддаг тул ирээдүйд тэдний хооронд сонирхолтой тулаан болох магадлал өндөр байна.
Кабайелийн хувьд одоогийн гол зорилго нь WBC-ийн бүсний нөхцөл байдлыг ажиглаж, дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ ашиглах явдал юм. Хэрэв Александр Усик өөр чиглэлд явах эсвэл бүсээ суллах тохиолдолд Кабайел Германы хүнд жингийн түүхэнд шинэ хуудас нээх хамгийн ойрын тамирчин болоод байна.

