Агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing болон Германы батлан хамгаалах салбарын гигант Rheinmetall компаниуд хамтран MQ-28 Ghost Bat нисгэгчгүй онгоцыг Германы зэвсэгт хүчинд нийлүүлэх санал гаргалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Германы Бундесверийн ирээдүйн байлдааны чадавхыг тодорхойлох Collaborative Combat Aircraft (CCA) буюу нисгэгчтэй онгоцтой хамтран ажиллах нисгэгчгүй системийн тендерт томоохон давуу тал үүсгэж байна.
Rheinmetall компанийн мэдээлснээр, MQ-28 Ghost Bat нь 2029 он гэхэд Германы цэргийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой, технологийн хувьд шалгарсан шийдэл юм. Хэрэв тус онгоц сонгогдвол Rheinmetall компани Герман дахь систем удирдлага, угсралт, ашиглалт болон засвар үйлчилгээний бүх ложистикийг хариуцан ажиллахаар төлөвлөжээ. Энэ нь тус улсын үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн онгоцыг өөрчлөн сайжруулах боломжийг олгох юм.

MQ-28 Ghost Bat нь Австралийн агаарын цэргийн хүчинд зориулан бүтээгдсэн бөгөөд одоогийн байдлаар 150 гаруй туршилтын нислэг үйлдээд байна. Хамгийн сүүлд Австралид хийсэн туршилтаар AIM-120 AMRAAM агаар-агаар ангиллын пуужинг амжилттай харваж, байг устгаснаар байлдааны бэлэн байдлаа нотлон харуулсан билээ. Австралийн тал одоогоор найман туршилтын загварыг хүлээн аваад байгаа бөгөөд уг онгоц нь дэлхийн зах зээлд XQ-58A Valkyrie болон Airbus Wingman зэрэг системүүдтэй өрсөлдөж байна.
Германы тал уг нисгэгчгүй онгоцыг өөрийн Eurofighter EK электрон байлдааны онгоц болон шинээр авч буй F-35A сөнөөгч онгоцуудтай хослон ажиллуулах сонирхолтой байгаа юм. Европын ирээдүйн байлдааны нисэх хүчний систем (FCAS) хөтөлбөрт тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед MQ-28 Ghost Bat шиг бэлэн технологи нь Германы агаарын довтолгооны чадавхыг богино хугацаанд нэмэгдүүлэх хамгийн боломжит хувилбарт тооцогдож байна.

