Байгаль дэлхий дээрх ихэнх эр хөхтөн амьтдад “baculum” буюу бэлэг эрхтний яс байдаг бол хүн төрөлхтөнд энэ бүтэц байдаггүй нь эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн юм. Эртний хөхтөн амьтдын нөхөн үржихүйн тогтолцоог судалсан шинжээчид хүний хувьслын явцад энэхүү яс яагаад алдагдсан нууцыг тайлбарлажээ.
Судалгаагаар бэлэг эрхтний ясны үүсэл хөгжил 145-95 сая жилийн өмнөх үеэс эхлэлтэй бөгөөд примат болон махчин амьтдын өвөг дээдэст энэхүү яс байсан нь тогтоогдсон. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, уг яс нь бэлгийн харьцааны үед хатуулаг өгч, үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг төдийгүй олон эхнэртэй амьтдын хувьд бэлгийн харьцаа удаан үргэлжлэхэд тулгуур болдог байна. Тухайлбал, бидэнтэй хамгийн ойр төрөл болох шимпанзе болон бонобо сармагчингуудад энэхүү яс байсаар байгаа юм.

Хүн төрөлхтний хувьд ойролцоогоор 2 сая жилийн өмнөөс нэг эхнэр, нөхөртэй байх (monogamy) харилцааны хэлбэр тогтож эхэлсэн нь хувьслын явцад томоохон өөрчлөлт авчирчээ. Нэг эхнэртэй харилцаа үүссэнээр бусад эрчүүдтэй өрсөлдөж, бэлгийн харьцааг хэт удаан үргэлжлүүлэх шаардлага багассан байна. Үүний үр дүнд бэлэг эрхтний ясны хэрэгцээ үгүй болж, хувьслын явцад хүн төрөлхтөн уг ясыг алдсан гэж судлаачид таамаглаж байна.
Сонирхолтой нь, Байгалийн түүхийн музейнүүдэд зарим амьтдын бэлэг эрхтний ясыг тэр бүр үзүүлдэггүй нь ёс зүйн болон зохисгүй байдлаас үүдэлтэй гэж үздэг. Жишээлбэл, далайн хавны бэлэг эрхтний яс 0.6 метр хүртэл урт байдаг нь шинжлэх ухааны бодит баримт боловч олон нийтэд нээлттэй үзүүлэх нь ховор байдаг. Энэ нь шинжлэх ухааны бодит байдлыг үзэгчдэд дутуу ойлгуулах нэг шалтгаан болдог байна.

