Европын сансрын агентлагийн (ESA) Бархасбадь гарагийн мөсөн дагуулуудыг судлах зорилготой JUICE хөлөг манай нарны аймгийн гаднаас ирсэн 3I/ATLAS сүүлт одны талаарх түүхэн мэдээллийг цуглууллаа. 7 тэрбум гаруй жилийн настай энэхүү ховор биет нартай хамгийн ойр цэг буюу 210 сая км зайд дөхөж ирэх үед JUICE хөлөг түүний бүтэц, өөрчлөлтийг нарийвчлан судалсан байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд 3I/ATLAS сүүлт од нь секундэд ойролцоогоор 2000 кг усны уур ялгаруулж байсан нь олимпын стандарт усан санг өдөрт 70 удаа дүүргэх хэмжээний их ус юм. Энэхүү асар их ууршилт нь нарны аймгийн бусад сүүлт одтой харьцуулахад өндөр үзүүлэлт бөгөөд нарны салхи болон гэрлийн нөлөөгөөр түүний мөсөн бүрхүүл хэрхэн идэвхтэй задарч байгааг илтгэж байна.

3I/ATLAS-ын хий болон тоосноос бүрдсэн сүүл нь 5 сая км хүртэл урттай үргэлжилж байгааг эрдэмтэд тогтоожээ. Хэдийгээр энэ нь манай нарны аймгийн уугуул сүүлт оддынхоос арай богино боловч гадаад орчлонгоос ирсэн энэхүү биет нь ерөнхий шинж чанарын хувьд ердийн сүүлт одтой маш төстэй байгаа нь одон орон судлаачдын сонирхлыг татаж байна.
JUICE хөлгийн цуглуулсан эдгээр нарийн өгөгдөл нь сүүлт одны нислэгийн замыг (орбит) илүү нарийвчлалтай тодорхойлоход тусалснаас гадна эх дэлхийг сансрын биетээс хамгаалах стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой мэдээлэл боллоо. Манай нарны аймгаар дайран өнгөрч буй энэхүү “зочин” нь орон зайн алслагдсан системүүдийн үүсэл гарлыг ойлгоход томоохон түлхэц үзүүлж байна.

