UFC-гийн талбарт “Машин” хочтойгоор алдаршсан тулаанч Мераб Двалишвили бэлтгэлийн үеэр хамраа дахин хүндээр хугалжээ. Тэрээр өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан рентген зургаа хуваалцсан бөгөөд хамар нь хоёр газраа хугарч, дотогш хонхойсон ноцтой гэмтэл авсан байна. Гэсэн хэдий ч Мераб мэргэжлийн карьераа түр зогсоохгүйн тулд яаралтай хагалгаанаас татгалзаж буйгаа зарлалаа.
Мэс заслын эмч нарын зүгээс түүний хамрыг бүрэн засаж, хэвийн байдалд оруулахын тулд нэг жил орчим хугацааны эмчилгээ, гам барих шаардлагатайг анхааруулсан байна. Харин Двалишвили “Би ойрын 20 жилд зодог тайлах бодолгүй байна. Тиймээс хагалгааг зодог тайлсан хойноо хийлгэхээр шийдсэн. Одоохондоо энэ хэвээрээ тулалдаж, амьдрах болно” хэмээн эрс шийдэмгий мэдэгджээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард UFC 323 тэмцээний үеэр Петр Янтай хийсэн хариу тулаанд ялагдаж, аваргын бүсээ алдсан Мераб дахин бүсний төлөө тулалдах боломжийг эрэлхийлж байна. Тэрээр 2025 онд нэг жилд дөрвөн удаа бүсээ хамгаалсан анхны тамирчин болохыг зорьж байсан ч Петр Яны гайхалтай тоглолт түүний цувралыг зогсоосон юм.
Хэдийгээр хамрын гэмтэл нь ноцтой байгаа ч энэ нь түүний ирэх дөрөвдүгээр сарын 18-нд товлогдсон барилдаанд саад болохгүй аж. Мераб Двалишвили хуучин өрсөлдөгч, олимпын аварга Генри Сехудотой хийх барилдаандаа оролцоно гэдгээ баталлаа. Түүний энэхүү бууж өгшгүй зан чанар нь тулааны спортын сонирхогчдын дунд “Машин” хэмээх хочоо батлахад хүргэж байна.

