2023 онд хөдөө аж ахуйн технологийн салбарт хувьсгал хийнэ хэмээн амлаж, өндрөөр үнэлэгдэж байсан “Monarch Tractor” компани дампуурлаа зарлаж, бүх ажилтнуудаа цомхотголоо. Нийт 240 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татаж, хиймэл оюун ухаан болон робот техникээр тоноглогдсон цахилгаан трактор зах зээлд нэвтрүүлэхээр зорьсон тус компанийн амлалт бодит байдал дээр “хэтрүүлэг” байсан нь ийнхүү тодорхой болж байна.
Өнгөрсөн оны сүүлээр үйл ажиллагаагаа зогсоох тухай сэрэмжлүүлэг өгч байсан тус компани гуравдугаар сард Калифорниа мужийн Ливермор дахь төв байраа бүрэн суллаж, үйл ажиллагаа нь зогссон болохыг илтгэсэн юм.
Хамгийн гол шүүмжлэл нь тус компанийн бүтээсэн хиймэл оюун ухаант трактор бодит амьдрал дээр ажиллах боломжгүй, бүр аюултай байсантай холбоотой юм. Калифорнийн усан үзмийн аж ахуй эрхлэгч Патрик О’Коннор уг тракторыг гурван жил туршсаны эцэст “бүрэн бүтэлгүйтэл” бөгөөд “үнэндээ аюултай” гэж дүгнэжээ. Тэрээр Инстаграмдаа байршуулсан бичлэгтээ 250 сая ам.долларыг “дэмий үрсэн” хэмээн онцолсон байна.
О’Коннорын хэлснээр тракторын өөрийгөө жолоодох горим нь усан үзмийн модыг мөргөх, замаа алдах зэргээр найдваргүй байсан тул дэргэд нь хүн ойртуулах боломжгүй байжээ. Мөн гидравлик систем нь эвдрэмтгий, автомат мөр дагах функц нь ажиллахгүй байсан тул заавал жолоочтой ажиллуулахаас өөр аргагүй байсан аж.
Өнгөрсөн есдүгээр сард хэд хэдэн дилерүүд “Monarch Tractor”-ыг бүтээгдэхүүнийхээ хүчин чадлыг худал мэдүүлж, гэмтэлтэй техник нийлүүлсэн хэмээн шүүхэд өгч байв. Одоогоор О’Коннор уг өндөр өртөгтэй техникийг зөвхөн ачаа зөөх, цахилгаан хэрэгсэл цэнэглэх зэрэг энгийн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнийгээ “200 сая долларын үнэтэй мод хуваагч” хэмээн хошигнон нэрлэжээ.

