OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтман тус компанийн видео бүтээх Sora аппликейшнийг зогсоох шийдвэр гаргасан болон энэ нь Дисней компанитай байгуулсан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд хэрхэн нөлөөлсөн талаар анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Олтманы хэлснээр тэрээр Диснейн гүйцэтгэх захирал Жош Д’Амарод уг технологи нь бодит байдал дээр зэрэглээ төдий байсныг хүлээн зөвшөөрч, төслийг зогсоохоор болсноо мэдэгдсэн байна. Хэдийгээр энэ шийдвэр нь хамтрагч болон баг хамт олонд нь сэтгэл дундуур байдал авчирсан ч компанийн нэн чухал зорилтуудад тооцоолон бодох нөөцөө төвлөрүүлэхийн тулд ийм алхам хийхээс өөр аргагүй байсныг тэрээр онцолжээ.
2023 оны арванхоёрдугаар сард Дисней болон OpenAI нар Холливудын түүхэн дэх анхны томоохон лицензийн гэрээг байгуулж байв. Уг гэрээгээр Star Wars, Marvel зэрэг алдартай цувралуудын дүрийг Sora платформд ашиглах, мөн Дисней талаас 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байсан юм.
Гэвч Sora аппликейшн нь өдөрт нэг сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бөгөөд алдартай хүүхэлдэйн баатруудыг зүй бус контент бүтээхэд ашиглах, зохиогчийн эрх болон худал мэдээлэл тархах эрсдэл өндөр байсан нь төсөл зогсоход нөлөөлжээ. Олтман уг технологийг зах зээлд бүрэн нэвтрүүлэхэд түүхий байсныг утаа болон толь буюу үзүүлэн төдий байсан хэмээн тодорхойлсон байна.
Sora зогссоноор Диснейн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цуцлагдсан ч хоёр тал цаашид хамтран ажиллах боломжийг нээлттэй үлдээжээ. Дисней компанийн зүгээс AI технологид нээлттэй хэвээр байгаагаа илэрхийлж, бүтээлчдийн эрхийг хүндэтгэсэн шинэ шийдлүүдийг эрэлхийлнэ гэдгээ мэдэгдлээ. Сэм Олтман ярилцлагынхаа төгсгөлд гүйцэтгэх захирлын хувьд заримдаа маш хэцүү шийдвэрүүд гаргах шаардлага гардаг бөгөөд ирээдүйтэй харагдаж байсан сайн төслүүдээ ч зогсоох хэрэгтэй болдог хэмээн нэмж хэлсэн юм.

