Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын талыг баярын өдрүүдээр түрэмгийллээ эрчимжүүлж, баасан гарагийн шөнө 286 дроноор агаарын давшилт хийсэн хэмээн буруутгалаа. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин эдгээр дроны 260-ыг нь амжилттай устгасан боловч Никополь хотод гарсан халдлагын улмаас таван хүн амь үрэгдэж, 19 хүн шархадсан байна.
Украины прокурорын газраас энэхүү халдлагыг энгийн иргэдийн эсрэг чиглэсэн дайны гэмт хэрэг хэмээн албан ёсоор тодорхойлов. Үүний зэрэгцээ Украины талаас Оросын өмнөд хэсэгт хариу цохилт өгсний улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан бөгөөд Ростов мужид ложистикийн агуулах шатаж, Азовын тэнгист байсан гадаадын ачаа тээврийн хөлөг халдлагад өртжээ.
Энэхүү мөргөлдөөнд гадаадын иргэдийг татан оролцуулж буй асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Кени улсын Засгийн газар Оросын армид элсэж, Украины дайнд оролцож буй иргэдийнхээ асуудлыг шалгаж эхэллээ. Кенийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мусалиа Мудавадийн мэдээлснээр, одоогоор дайны бүсэд Кенийн 250 гаруй иргэн байгаагаас 16 нь сураггүй болж, 47 нь эх орондоо эргэн ирсэн бол 38 нь Оросын эмнэлгүүдэд эмчлүүлж байна.
Оросын тал гадаад оюутнуудад их хэмжээний мөнгө амлан дроны оператор, инженерээр ажиллуулах нэрээр армид элсүүлж байгаа бөгөөд Рязань мужийн зарим компаниуд хүн хүч нийлүүлэх тусгай квот авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Сүүлийн үеийн ажиглалтаар Оросын эзлэн авсан нутаг дэвсгэрийн хэмжээ бага зэрэг хумигдсан бөгөөд үүнийг Украины идэвхтэй сөрөг давшилт болон холбоо харилцааны сувгуудыг хязгаарласантаэй холбон тайлбарлаж байна.

