2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын хууль хяналтын байгууллагуудын “шийтгэл хүлээлгэх эрх мэдэл” болон хяналт эрс чангарсан тул Оросын иргэд хилийн чанадад баривчлагдаж, АНУ-д шилжүүлэгдэн урт хугацааны хорих ял сонсох бодит эрсдэл үүссэн гэж тус яам үзэж байна.
Ялангуяа эдийн засгийн стратегийн салбарт ажилладаг иргэд олон улсын хориг арга хэмжээнд санамсаргүй байдлаар өртөж, АНУ-ын тагнуулын байгууллагуудын хараанд өртөх магадлал өндөр байгааг мэдэгдэлд дурджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, АНУ-ын тал Оросын иргэдийг гадаадад уруу татах зорилгоор ашигтай худалдаа, аялал жуулчлалын хуурамч санал тавьж, гуравдагч оронд ирсэн даруйд нь баривчлах тактик ашигладаг хэмээн буруутгасан ч тодорхой баримт дурдаагүй байна. Энэхүү анхааруулга нь голчлон АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтсан эсвэл эрүүгийн хэрэгт холбогдох магадлалтай иргэдэд хаяглагджээ.
АНУ-д яллагдагч шилжүүлэн өгөх эрсдэлтэй орнуудын жагсаалтад Их Британи, Швейцарь, Европын Холбооны ихэнх гишүүн орнууд, Канад, Австрали, Израиль, Латин Америкийн орнууд болон Ази, Африкийн хэд хэдэн улс багтаж байна. ОХУ-ын мэдээлснээр 2008 оноос хойш 100 гаруй иргэнээ ийм замаар АНУ-д шилжүүлэн өгсөн гэж үзэж байгаа бөгөөд тэдний нэг нь алдарт зэвсгийн наймаачин Виктор Бут юм. Тэрээр АНУ-д 14 жил хоригдсоны эцэст 2022 онд сагсан бөмбөгчин Бриттни Гринертэй солигдон эх орондоо ирсэн билээ. Иймд Оросын иргэдийг хувийн аюулгүй байдалдаа анхаарч, гадаад аяллаа сайтар төлөвлөхийг зөвлөж байна.

