Даллас Маверикс багийн шинэхэн од Күүпер Флэгг сагсан бөмбөгийн ертөнцийг гайхшруулсан түүхэн амжилт тогтоов. Хэдийгээр “Маверикс” талбайдаа “Орландо Мэжик” багт 138-127 харьцаатайгаар хожигдсон ч 19 настай Флэгг 51 оноо авснаар НБА-гийн түүхэнд 50-иас дээш оноо авсан хамгийн залуу тоглогч болж нэрээ мөнхөллөө. Тэрээр үүнээс өмнө 49 оноо авч, өсвөр насны тоглогчдын дээд амжилтыг эзэмшиж байсан юм.
Тоглолтын явцад Флэгг ер бусын идэвхтэй байж, 30 удаа довтолсноос 19-ийг нь байнд нь тусгаж, үүний дотор зургаан холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэжээ. Ялангуяа шийдвэрлэх дөрөвдүгээр үед тэрээр гайхалтай байж, ганцаараа 24 оноо авсан байна. Тоглолтын төгсгөлд “Маверикс”-ын дасгалжуулагч Жэйсон Кидд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн талбайгаас хөөгдсөн эгзэгтэй мөчид Флэгг дараалсан зургаан оноо авч, 50 онооны босгыг давж чаджээ.
Дасгалжуулагч Жэйсон Кидд түүний тоглолтыг өндрөөр үнэлж, Күүпер Флэггийг “Оны шилдэг шинэ тоглогч” (Rookie of the Year) болох бүрэн эрхтэйг онцолсон байна. Флэгг энэ улиралд аль хэдийн дөрвөн тоглолтод 40-өөс дээш оноо аваад байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ бусад шинэ тоглогчдыг хол тасархай тэргүүлж байгаа юм. Залуу од өөрийн амжилтын тухай ярихдаа хувийн оноо гэхээсээ илүү багийн ялалтын төлөө хичээж, хамтын ажиллагааг эрхэмлэдэг болохоо илэрхийлжээ.

