UFC холбооны хөнгөн жингийн аварга Жошуа Ван бэртэл авсны улмаас ирэх долоо хоногт төлөвлөгдсөн “UFC 327” тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Тулаан ямар шалтгаанаар цуцлагдсан талаарх нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд түүний оронд хэн тулалдах эсвэл аваргын бүсний төлөөх тулаан бүрмөсөн хойшлогдох эсэхийг UFC холбоо ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
“UFC 327” тэмцээн энэ сарын 11-нд Майами хотын “Касейя” төвд зохион байгуулагдах товтой байгаа юм. Тус үдшийн гол тулаанд хагас хүнд жингийн сул байгаа аваргын бүсний төлөө Иржи Прохазка болон Карлос Улберг нар хүч үзэх хуваарьтай байна.
Жошуа Ван (16-2) өнгөрсөн арванхоёрдугаар сард Александр Пантожатай тулалдахдаа өрсөлдөгч нь эхний секундэд хүнд бэртэл авснаар аваргын бүсийг эзэмших болсон билээ. Пантожа бэртлээсээ эргэн ирж амжаагүй тул холбооны зүгээс Ванг Японы шилдэг тулаанч Тацуро Таиратай тулалдуулахаар товлоод байсан юм.
Тацуро Таира (18-1) хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард экс аварга Брэндон Мореног хоёрдугаар үед хүнд цохилтоор (нокаут) буулган авч, аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авсан. Тэрээр UFC-ийн октагонд нийт есөн тулаан хийхдээ наймд нь ялж, зургаан өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авсан гайхалтай амжилттай яваа тулаанч юм. Ийнхүү нисэх жингийн аваргын төлөөх сонирхолтой тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, хөгжөөн дэмжигчдийг хүлээлтэд үлдээлээ.

