Герман улсын батлан хамгаалах салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд 17-оос 45 насны эрчүүд гадаад улсад гурван сараас дээш хугацаагаар оршин суух тохиолдолд цэргийн албанаас албан ёсны зөвшөөрөл авах үүрэг хүлээхээр болжээ. Энэхүү шийдвэрийн талаар “Frankfurter Rundschau” сонин анхлан мэдээлсэн бөгөөд энэ нь тус улсын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм байна.
Засгийн газрын тайлбарлаж буйгаар уг заалт нь ирээдүйд цэргийн дайчилгаа явуулах шаардлага гарсан тохиолдолд нөөцөд байгаа иргэдийн байршил, хөдөлгөөнийг хянах зорилготой аж. Германы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр шинэ хууль нь 18 нас хүрсэн иргэдийг цэргийн албанд тэнцэх эсэхийг тогтоох асуулга бөглөхийг үүрэг болгож байгаа ч бүх нийтээр цэргийн алба хаалгах шийдвэр хараахан гараагүй байна. Албаныхан энэхүү зохицуулалтыг Хүйтэн дайны үеийн хуучин дүрмийг орчин үеийн нөхцөлд нийцүүлэн шинэчилсэн хэлбэр бөгөөд одоогоор иргэдэд ямар нэгэн хатуу хариуцлага тооцохгүй, зөвшөөрлийг хэвийн журмаар олгоно гэдгийг онцолжээ.
Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь гадаадад суралцах, ажиллах болон аялахаар төлөвлөж буй сая сая залуусын дунд болгоомжлол төрүүлээд байна. 1956 оны Цэргийн алба хаах тухай хуульд суурилсан уг заалт нь өмнө нь зөвхөн онцгой байдал, дайчилгааны үед хэрэгждэг байсан бол одоо илүү өргөн хүрээг хамардаг болж шинэчлэгджээ.
Герман улс ОХУ-аас ирж буй аюул занал болон НАТО-гийн орнуудын аюулгүй байдлын нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбогдуулан цэргийн бэлэн байдлаа ийнхүү эрчимжүүлж байна. Шинэ хуулийн гол зорилго нь үндэсний хэмжээний яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн насны эрчүүдийн хөдөлгөөнийг хянах, шаардлагатай бол хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

