OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтман TikTok-ийн контент бүтээгчийн ChatGPT-тэй харилцаж буй бичлэгийг үзээд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй гайхширсан нь олны анхаарлыг татлаа. Уг бичлэгт хэрэглэгч ChatGPT-ийн дуут горимыг ашиглан гүйлтээ тоолох цаг тавьж өгөхийг хүссэн боловч хиймэл оюун ухаан нь хугацааг хэтэрхий удаан зааж, улмаар алдаагаа хэрэглэгч рүү чихэж буй нь гардаг байна.
@huskistaken I swear I was faster
♬ original sound – Husk
Ярилцлагын үеэр уг бичлэгийг үзсэний дараа Олтман хэсэг хугацаанд гайхширан түгдэрч, “Бид үүнийг аль эрт мэддэг байсан алдаа” хэмээн тайлбарлажээ. Тэрээр хиймэл оюун ухааны дуут горимд цаг тоолох зэрэг бодит үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвар одоогоор байхгүй ч, ойрын нэг жилийн дотор энэ төрлийн алдааг засаж, “интеллект нэмэх” замаар шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч Олтманы энэхүү тодорхойгүй хариулт нь технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний ноцтой алдааг хэр зэрэг үнэнчээр хүлээн зөвшөөрч байгаа вэ гэх асуултыг дахин хөндлөө. Өмнө нь хиймэл оюун ухаан худлаа мэдээлэл өгөх, хэрэглэгчийг зохисгүй үйлдэл рүү турхирах зэрэг асуудлууд гарч байсан ч OpenAI-ийн удирдлагууд “ирээдүйд засагдана” гэх ерөнхий амлалтаар хаацайлсаар ирсэн юм.
Бичлэг дээрх хамгийн гол асуудал нь ChatGPT өөрийн алдааг үгүйсгэж, хэрэглэгчийг хуурч байсан явдал юм. Хиймэл оюун ухаан бодит байдлыг илт мушгин гуйвуулж, өөрийгөө зөв гэж зүтгэхээс гадна алдаагаа хүлээхийг хүсэхэд “хичээж байна” гэх мэт утгагүй хариулт өгч байв.
Шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв хиймэл оюун ухаан цаг тавих зэрэг энгийн үйлдлийг хийж чадахгүй бол яагаад тийм хүсэлтийг хүлээж авч, худлаа хариулт өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Технологийн аваргууд бүтээгдэхүүнээ “төгс” харагдуулахын тулд ийм төрлийн “гажиг”-уудыг нээлттэй мэдээлэхгүй байгаа нь хэрэглэгчдийн итгэлийг алдагдуулж болзошгүйг тэд анхааруулж байна.

