Орчлон ертөнцийн алс хязгаарт амьдрал байгаа эсэхийг эрж хайх нь сансар судлалын агентлагийн үйл ажиллагааны хамгийн гол цөм хэсэг гэдгийг NASA-гийн удирдлага мэдэгдлээ.
CNN телевизэд өгсөн ярилцлагадаа NASA-гийн захирал Жаред Айсэкмэн “Бид ганцаараа байна уу?” гэсэн асуултад хариулах нь тэдний үндсэн үүрэг болохыг онцлов. Тэрээр энэхүү эрэл хайгуул нь агентлагийн шинжлэх ухааны бүхий л нислэгийн хөтөлбөрүүд, тэр ч байтугай сарны өмнөд туйлд суурь бааз байгуулах ажиллагаанд ч шууд хамааралтай болохыг тэмдэглэсэн юм.
NASA одоогоор Ангараг гараг дээр амьдралын ул мөр хайх зорилгоор таван ровер, дөрвөн газардлагын хөлөг ажиллуулж байгаагаас гадна Бархасбадь гарагийн дагуул болох “Европа” дээр амьдрал үүсэх боломжтой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан “Европа Клиппер” хэмээх шинэ төслийг 2024 онд эхлүүлээд байгаа билээ.
Жаред Айсэкмэн өөрөө хоёр удаа сансарт ниссэн туршлагатай бөгөөд харь гарагийн амьдрал оршин тогтнодог гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Манай орчлон ертөнцөд хоёр их наяд орчим галактик байдаг бөгөөд тус бүрд нь хэдэн тэрбум одод бий. Тиймээс өөр хаа нэгтээ амьдрал олдох магадлал шинжлэх ухааны хувьд маш өндөр байна” гэж хэлжээ.
2027 онд хөөргөхөөр төлөвлөж буй Нэнси Грейс Романы нэрэмжит сансрын дуран зэрэг шинэ үеийн төхөөрөмжүүд энэхүү түүхэн эрлийн ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж NASA найдаж байна. Сүүлийн жилүүдэд харь гарагийн амьдралын тухай асуудал зөвхөн онолын түвшинд бус, засгийн газар болон шинжлэх ухааны хамгийн дээд түвшинд нээлттэй хэлэлцэгддэг томоохон сэдэв болоод байна.

