Австралийн алдартай жүжигчин Даниел МакФерсон тулааны урлагийн ертөнцийг өгүүлэх шинэхэн “Beast” уран сайхны кинонд ММА-гийн тамирчны дүр бүтээхдээ туулсан сонирхолтой туршлага болон өөрийн шүтэн биширдэг тулаанчдын талаар хуваалцлаа.
“Beast” кинонд тэрбээр зодог тайлсан тулаанч Паттон Жеймсийн дүрийг бүтээдэг. Зохиолын дагуу тэрбээр ахынхаа амьдралыг аврахын тулд октагонд эргэн ирж, “ONE Championship”-ийн аваргатай шийдвэрлэх тулаан хийдэг байна. МакФерсон бодит амьдрал дээр ч холимог тулааны үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд түүний хувьд UFC-гийн хагас хүнд жингийн аварга асан Жизри Прохазка хамгийн онцгой тамирчин нь аж. Тэрбээр Прохазкаг “орчин үеийн самурай, дайчин сэтгэлгээг дээд зэргээр илэрхийлэгч” хэмээн тодотгожээ.
Зодог тайлсан мэргэжлийн тамирчны бие галбир, ур чадварыг дэлгэцнээ бодит мэт харуулахын тулд МакФерсон асар их бэлтгэл сургуулилт хийсэн байна.
“Мэргэжлийн тулаанчийн дүрд тоглоно гэдэг зөвхөн техник сурахын нэр биш. Би гурван жилийн турш бокс, жиү-жицү, муай тайгаар хичээллэж, Тайландад тусгай бэлтгэлд хамрагдсан. Энэ хугацаанд 9 кг цэвэр булчин нэмж, дайчин хүний сэтгэл зүйг ойлгохыг хичээсэн” хэмээн тэрбээр ярьжээ.
МакФерсон сүүлийн арван жилийн турш UFC-гийн хөгжлийг анхааралтай ажиглаж ирсэн бөгөөд ялангуяа Австрали, Шинэ Зеландын тулаанчид болох Исраэль Адесанья, Александр Волкановски, Роберт Уиттакер нарын амжилтаар бахархдаг байна. Мөн тэрбээр домогт Жорж Сен-Пьерийн сахилга бат, шаргуу хөдөлмөрөөс ихээхэн үлгэр дуурайл авсан гэдгээ онцолсон юм.
“Beast” кинонд Даниел МакФерсоноос гадна Холливудын нэрт жүжигчин Рассел Кроу (дасгалжуулагчийн дүрд), Люк Хемсворт, Келли Гейл нар тоглосон байна. Сонирхуулахад, UFC-ийн тамирчин Жош Кулибао уг бүтээлд дүр бүтээж, киноны тулааны хэсгүүдийг илүү бодит болгоход хувь нэмрээ оруулжээ.

