Ковид-19 цар тахлын дараах худалдааны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхөн сэргэлт хүлээлтэд хүрээгүй тул АНУ даяар оффисын барилгууд маш хямд үнээр худалдаалагдаж байна. Wall Street Journal сонинд мэдээлснээр зарим барилгын үнэ 90 хүртэл хувиар буурч, хувийн эзэд болон засгийн газарт сая сая долларын алдагдал учруулж байгаа ажээ. Тухайлбал Чикаго хотод 10 жилийн өмнө 68.1 сая доллараар зарагдаж байсан томоохон оффисын барилга саяхан ердөө 4 сая доллараар худалдаалагдсан байна. Мөн Денвер хотод 176 сая долларын үнэтэй байсан цогцолбор 5.3 сая доллар болж буурсан бол Вашингтон хотод байрлах нэгэн барилгыг орон сууц болгон өөрчлөх зорилгоор 24 сая доллараар худалджээ.
Эдгээр үнийн огцом уналт нь цар тахлын үеэр тогтсон гэрээсээ ажиллах хандлагатай шууд холбоотой бөгөөд олон ажилтан одоо ч оффист эргэж ирэхгүй байгаагаас үүдэлтэй юм. Зээлдүүлэгчид зээлийн хугацааг сунгаж, нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байсан ч олонх нь зах зээл бүрэн сэргэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Гэсэн хэдий ч ийм хямдрал нь ихэвчлэн байршил тааруу, чанар муутай барилгуудад тохиолдож байна.
Нью-Йорк, Сан-Франциско зэрэг томоохон хотуудын төв хэсэгт байрлах дээд зэрэглэлийн оффисуудын түрээсийн үнэ тогтвортой өсөж, борлуулалт нь ашигтай хэвээр байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Гэвч санхүүгийн хүнд байдалд орсон эсвэл хоосон байдал нь хэт өндөр болсон худалдааны үл хөдлөх хөрөнгийн тоо 2024 онд 133 байсан бол 2025 онд 204 болж нэмэгдсэн байна. Энэ нь зах зээл дээрх үл хөдлөх хөрөнгийн ялгаа улам бүр гүнзгийрч байгааг харуулж байна.

