АНУ-ын Хууль зүйн яам (DOJ) 2021 оны нэгдүгээр сарын 6-ны Капитолийн үймээн самууны хэрэгт Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг гол гэрчээр оролцсон Цагаан ордны ажилтан асан Кассэди Хатчинсоныг шалгаж эхэлсэн тухай “The New York Times” сонин мэдээллээ. Конгрессийн гишүүн Барри Лаудермилк энэ оны гуравдугаар сард Хатчинсоныг Конгресст худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, Хууль зүйн яаманд гомдол гаргасны дагуу ийнхүү мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна.
Сонирхолтой нь, Хатчинсоныг шалгах ажиллагааг Хууль зүйн яамны Иргэний эрхийн хэлтэс хариуцаж байгаа юм. Ихэвчлэн худал мэдүүлэг өгөхтэй холбоотой хэргийг АНУ-ын Прокурорын газар шалгадаг бол Иргэний эрхийн хэлтэс нь цагдаагийн байгууллагын буруутай үйлдэл болон ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудалд төвлөрдөг байна.
Кассэди Хатчинсон 2022 оны зургадугаар сард өгсөн мэдүүлэгтээ Дональд Трампыг дэмжигчдээ Капитол руу явахыг уриалсан бөгөөд энэ нь хүчирхийлэлд хүргэж болзошгүйг мэдсээр байсан гэж хэлж байжээ. Мөн тэрээр Трампыг Ерөнхийлөгчийн лимузин дотор байхдаа Капитол руу явахыг зөвшөөрөөгүй Нууц албаны ажилтан руу халдсан тухай түүхийг сонссон гэж мэдүүлсэн нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан юм. Одоогийн мөрдөн байцаалтаар эдгээр мэдүүлгүүд нь үнэнд нийцэж байсан эсэхийг эцэслэн тогтоох ажээ.

