АНУ болон Иран улсууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох гэрээнд хүрснээр бүс нутгийн хурцадмал байдал намжиж эхэллээ. Уг гэрээний дагуу Иран руу чиглэсэн агаарын цохилтуудыг хойшлуулж, стратегийн чухал ач холбогдолтой Хормузын хоолойгоор газрын тосны тээвэрлэлтийг саадгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү үйл явдлыг “Дэлхийн энх тайвны төлөөх том өдөр” хэмээн тодорхойлоод, Иран улс нөхөн сэргээлтээ эхүүлэх боломжтой болсныг онцоллоо. Тэрбээр энэхүү гэрээг Ойрхи Дорнодын “Алтан үе”-ийн эхлэл гэж нэрлэсэн бөгөөд бүс нутагт эдийн засгийн асар их боломж нээгдэж, “их хэмжээний мөнгө орж ирнэ” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын дотоодод инфляц болон амьдралын өртөг өндөр байгаа энэ үед Ирантай хийсэн мөргөлдөөн нь шатахууны үнийг хөөрөгдөх гол шалтгаан болоод байсан юм. Харин гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны дараа олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ буурч эхэлсэн нь эдийн засгийн хүндрэлийг зөөлрүүлэх эерэг хүлээлт үүсгэж байна.
Засаг захиргааны зүгээс Хормузын хоолойн түгжрэлийг арилгахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тогтворжиход чухал алхам болох юм.

