Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч Anthropic компани өөрийн “Claude Mythos” нэртэй, кибер аюулгүй байдлын цоорхойг илрүүлэх хэт өндөр чадвартай загвараа танилцуулснаас хэдхэн хоногийн дараа OpenAI компани ч ижил төрлийн “маш аюултай” хүчирхэг хэрэгсэл боловсруулж байгаагаа зарлав. Anthropic-ийн “Mythos” загвар нь ердөө ганц шөнийн дотор 30 жилийн турш илэрч чадаагүй аюулгүй байдлын алдаануудыг олж илрүүлсэн тул тус компани үүнийг нийтэд нээлттэй болгохоос татгалзаж, зөвхөн “Project Glasswing” хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон түншүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй зэрэгцэн OpenAI компани ч кибер аюулгүй байдлын хамгаалалтыг шинэ шатанд гаргах, маш өндөр чадвартай тусдаа бүтээгдэхүүнээ “Trusted Access” хөтөлбөрөөр дамжуулан цөөн тооны түншүүдэд санал болгох бэлтгэлээ базааж эхэлжээ.
OpenAI-ийн энэхүү шинэ хэрэгсэл нь зөвхөн нэг загвар биш, харин томоохон байгууллагуудын сүлжээний эмзэг байдлыг хянах, халдлагаас хамгаалах зориулалттай бие даасан систем байх аж. Салбарын шинжээчдийн үзэж буйгаар Anthropic болон OpenAI-ийн энэхүү “нууцлаг” хэрэгслүүд нь кибер дайны дүрмийг өөрчлөх боломжтой ч, хэрэв буруу гарт орвол урьд хожид байгаагүй хурдтай, нарийн зохион байгуулалттай халдлагуудыг эхлүүлэх эрсдэлтэй юм. Өмнө нь OpenAI “Trusted Access for Cyber” хөтөлбөрөөрөө дамжуулан GPT-5.3-Codex зэрэг загваруудад хандах эрх олгож байсан ч, энэ удаагийн хэрэгслийг “кибер орчныг бүрэн өөрчлөх хүчин чадалтай” хэмээн онцолсон нь анхаарал татаж байна.
Кибер аюулгүй байдлын эдгээр технологиуд хөгжихийн зэрэгцээ OpenAI санхүүгийн асар өндөр зорилт тавиад байна. Тус компани 2030 он гэхэд зөвхөн сурталчилгааны борлуулалтаас 102 тэрбум долларын орлого олно гэж дотооддоо таамаглаж байгааг “The Information” мэдээллээ. Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд OpenAI өөрийн “Ads Manager” платформыг туршиж эхэлсэн бөгөөд энэ нь Google болон Meta-ийн эзэрхийлж буй дижитал сурталчилгааны зах зээлд хүчтэй өрсөлдөгч болох зорилготой юм. Хэдийгээр энэ жилийн сурталчилгааны орлого 2.5 тэрбум доллар орчим байх төлөвтэй байгаа ч, 2030 он гэхэд 100 тэрбумын босгыг давах амлалт нь хэт өөдрөг үзүүлэлт хэмээн зарим шинжээчид эргэлзэж байна.

