“Астон Вилла” клубын довтлогч Олли Уоткинс энэ улирлыг өөрийн замналын хамгийн хүнд сорилттой жил байсныг хүлээн зөвшөөрлөө. Гэсэн хэдий ч тэрээр улирлын төгсгөлд формоо сэргээж, ирэх Дэлхийн аваргын тэмцээнд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах том зорилго өвөртлөн зүтгэж байна. Европын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод “Болонья” багийг 3:1-ээр хожиход Уоткинс хоёр гоол оруулж, шийдвэрлэх үед чадвараа дахин нотолсон юм. Тэрээр одоо шигшээ багийн шинэ дасгалжуулагч Томас Тухелийн хараанд өртөж, бүрэлдэхүүнд багтах сүүлчийн боломжоо ашиглахын төлөө тэмцэж байна. “Зун биднийг асар том тэмцээн хүлээж байна. Тэнд очихын тулд чадах бүхнээ хийж, илүү олон гоол оруулахыг хичээх болно” хэмээн тэрээр өгүүлжээ.

Энэ улиралд Уоткинсын тоглолт шүүмжлэлийн бай болсоор ирсэн бөгөөд 44 тоглолтод 12 гоол оруулсан нь өмнөх улирлуудын амжилтаас нь мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт юм. Өнгөрсөн Европын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн гайхалтай тоглолтынх нь дараа хүмүүсийн хүлээлт өндөр байсан нь түүнд сэтгэл зүйн дарамт болжээ. Уоткинс хэлэхдээ, “Миний замналын хамгийн хэцүү мөч энэ улирал байлаа. Би өөртөө маш өндөр хүлээлт тавьсан ч хүссэн түвшиндээ хүрч чадаагүй. Европын аваргын дараа хүмүүсийн анхаарал эрс нэмэгдсэн нь үүнийг даван туулахад улам хэцүү болгосон” хэмээн нээлттэй ярьсан юм.
“Астон Вилла” Европын лигт амжилттай тоглож байгаа нь Унаи Эмеригийн багт эрч хүч өгч байгаа бөгөөд Уоткинсын сэргэлт багийг хагас шигшээд шалгарах боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй, түүнд өөрт нь итгэлээ сэргээх боломж олгож байна. Шигшээ баг дахь өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед тэрээр домогт довтлогч Майкл Оуэнтэй холбогдож зөвлөгөө авчээ. “Тэр надад ‘чи ууртай үедээ, бусдад төвөг удаж тоглохдоо хамгийн сайн байдаг’ гэж хэлсэн” хэмээн Уоткинс дурссан байна. Одоо түүний хувьд Томас Тухелийн төлөвлөгөөнд багтах цорын ганц зам нь улирлын сүүлийн долоо хоногуудад гоол оруулсаар байх явдал болоод байна.


