Лондон хотноо болсон Тайсон Фьюри болон Арсланбек Махмудов нарын тулааны өмнөх гол үйл явдалд Коннор Бенн, Режис Прогрейс нар 150 фунт жингийн ангилалд хүч үзлээ. “Устгагч” хочит Коннор Бенн тулааны эхний үеэс л санаачилгыг гартаа авч, ялалтаа хурдан шийдвэрлэхээр эрч хүчтэй довтолсон юм. Хэдийгээр Прогрейс хариу цохилтуудыг амжилттай гүйцэтгэж байсан ч тулааны явцад түүний хөдөлгөөн удааширч, өмнө нь тархаад байсан бэртлийн цуу яриа бодит байж болох дүр зураг ажиглагдаж байв.
Тулааны дундуур толгой мөргөлдсөний улмаас Бенний хоёр нүдний дээгүүр шарх үүссэн ч тэрээр давамгайллаа алдаагүй бөгөөд эцэст нь шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр (98-92) итгэл төгс ялалт байгууллаа. Энэхүү ялалт нь түүний хувьд зөвхөн амжилт төдийгүй дэлхийн аваргын бүсний төлөөх тулааны үүдийг шууд нээж өгсөн юм.
Тулаан өндөрлөсний дараа WBC-ийн хагас дунд жингийн дэлхийн аварга Райан Гарсиа нийгмийн сүлжээгээр дамжуулан Коннор Беннийг тулаанд дуудаж, сорилтоо илгээлээ. “Хаан Рай” хочит Гарсиа энэ оны хоёрдугаар сард Марио Барриосыг ялж дэлхийн аварга болсон бөгөөд одоо өөрийн бүсээ хамгаалах анхны томоохон өрсөлдөгчөөр WBC-ийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Беннийг сонгохоор шийджээ. Өмнө нь Тефимо Лопес, Девин Хэйни нартай тулалдахаар яригдаж байсан Гарсиа ийнхүү чиглэлээ өөрчлөн Беннтэй хийх тулаанд анхаарлаа хандуулж байгаа нь боксын ертөнцөд бас нэгэн том хүлээлт үүсгээд байна.

