АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай байгуулах боломжит гэрээний талаар байр сууриа илэрхийлэхдээ, хэлэлцээрийн үр дүн АНУ-ын хувьд ямар ч ач холбогдолгүй бөгөөд “ямар ч тохиолдолд бид ялалт байгуулна” хэмээн итгэл төгс мэдэгдлээ. Тэрбээр Ираны цэргийн чадавхийг “хязгаарлагдмал” хэмээн тодорхойлоод, АНУ тэднийг цэргийн хүчээр хэдийнэ бут ниргэсэн гэдгийг онцлон тэмдэглэв.
Пакистаны нийслэл Исламабад хотноо үргэлжилж буй энх тайвны хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Трамп сэтгүүлчдэд хандан, Ирантай гэрээ байгуулах эсэх нь АНУ-ын стратегийн эрх ашигт нөлөөлөхгүй гэдгийг дахин бататгасан байна. АНУ Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж буй энэ үед тэрбээр Ираныг цэргийн талбарт ялсан тухайгаа дурдаж, тус улсын батлан хамгаалах чадамжийг багаар үнэлж буйгаа илэрхийлжээ.
Одоогийн байдлаар талуудын хооронд “маш гүнзгий хэлэлцээ” явагдаж байгааг Ерөнхийлөгч баталсан бөгөөд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Исламабадад хэдэн цагийн турш эрчимтэй яриа хэлэлцээ хийж байгаа юм. Трамп мэдэгдлийнхээ төгсгөлд Хятад улс Иранд зэр зэвсэг нийлүүлж дэмжлэг үзүүлбэл “маш том асуудалтай тулгарах болно” хэмээн Бээжинд хатуу анхааруулга өгсөн байна.

