Лондон хотын гурван залуу хөгжүүлэгч Томаш Хрдличка, Жун Сан Ли, Ури Ли нар хүний харилцааг шинэ түвшинд гаргах зорилготой “Pixel Societies” хэмээх сонирхолтой төслийг танилцууллаа. Энэхүү төслийн гол санаа нь хувь хүний зан араншин, сонирхол, өвөрмөц байдлыг өөртөө шингээсэн хиймэл оюун ухаант (AI) төлөөлөгч бүтээж, тэдгээрийг виртуал орчинд хооронд нь харилцуулах явдал юм. Ингэснээр бодит амьдрал дээр хүмүүс өөртэйгөө хамгийн сайн зохицох найз нөхөд, хамт ажиллагсад, бүр ирээдүйн ханиа олоход нь туслах зорилготой байна.
Төлөөлөгч бүр нь тухайн хүний цахим орчин дахь нийтэд ил мэдээлэл болон хэрэглэгчийн өгсөн нэмэлт өгөгдөл дээр суурилсан том хэлний загвар (LLM) ашиглан сургагддаг. Энэхүү “дижитал хуулбар” нь эзнийхээ ярианы хэв маяг, зан аашийг бүрэн илэрхийлэх чадвартай болохыг зохиогчид онцолж байна. Хөгжүүлэгчид төслийн эхний шатанд өөрсдийн зохиосон виртуал оффисын орчинд AI төлөөлөгчдийг харилцуулж туршсан бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл дутмаг үед төлөөлөгч заримдаа зохиомол мэдээлэл өгөх зэрэг алдаа гаргаж байсан ч ерөнхий үр дүн нь амжилттай байжээ.
“Pixel Societies” төсөл нь анх өнгөрсөн гуравдугаар сард Лондонгийн Их Сургуулийн харьяа хакатон тэмцээний үеэр бүтээгдэж, шилдэг бүтээлээр шалгаран шагнал хүртсэн байна. Одоогийн байдлаар хөгжүүлэгчид энэхүү төслөө илүү өргөн хүрээтэй нийгмийн платформ болгон хөгжүүлж, хүмүүст бодит амьдрал дахь нийгмийн харилцаагаа цаг хугацаа алдалгүй, оновчтой сайжруулахад нь туслахаар ажиллаж байна. Магадгүй ирээдүйд таны AI төлөөлөгч өөр нэгэн AI-тай “болзож”, танд тохирох хүнийг санал болгодог болох нь ээ.

