Anthropic компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны шинэ загвар болох “Claude Mythos Preview” нь кибер аюулгүй байдалд асар их хор хөнөөл учруулж болзошгүй болох нь тогтоогдсон нь Их Британийн төр засаг болон санхүүгийн салбарынхныг сандаргаад байна. Уг загвар нь бүх төрлийн үйлдлийн систем болон вэб хөтчүүдийн олон жилийн турш илрүүлэгдээгүй байсан эмзэг байдлуудыг (zero-day vulnerabilities) олж тогтоох, улмаар тэдгээрийг ашиглан кибер халдлага үйлдэх чадвартай болохыг Anthropic компани өөрсдөө анхлан мэдээлсэн юм.
Энэхүү мэдээллийн дараа Их Британийн Сангийн яам, Санхүүгийн зохицуулах газар (FCA) болон Үндэсний кибер аюулгүй байдлын төв (NCSC) яаралтай зөвлөлдөхөөр болжээ. “Financial Times” сонины мэдээлснээр, уг асуудал нь тус улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах “Зах зээл хоорондын ажиллагааны тогтвортой байдлын бүлэг”-ийн хэлэлцэх хамгийн тэргүүлэх сэдэв болоод байна.
Anthropic компани нь “Claude Mythos Preview”-ийн аюултай чадваруудыг “Төсөл Glasswing” хэмээх хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд анхааруулах зорилгоор дэлгэсэн гэж тайлбарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч зарим салбарын шинжээчид тус компанийг өөрийн бүтээмжийг хэтрүүлэн үнэлж байж магадгүй хэмээн хардаж байна. Тухайлбал, “Meta” компанийн AI судалгааны тэргүүн асан Янн ЛеКун зэрэг мэргэжилтнүүд уг загварыг бодит байдал дээр тийм ч аюултай биш байх магадлалтай гэсэн байр суурийг илэрхийлжээ. Одоогоор Anthropic-оос гадна хараат бус судалгааны байгууллагууд тус загварт бүрэн хэмжээний үнэлгээ хийж амжаагүй байна.

