Lionsgate компани алдарт “The Hunger Games” цувралын шинэ анги болох “Sunrise on the Reaping” киноны анхны трейлерийг олон нийтэд танилцууллаа. Уг кино 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд фэнүүдийн хайртай дүр болох Хэймич Абернатигийн залуу насны түүхийг өгүүлэх юм.
Сюзан Коллинзийн ижил нэртэй бестселлер зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино нь Катнисс Эвердиний багш Хэймич Абернатийг 16 настай байх үеийн үйл явдлыг харуулна. Тэрээр 50 дахь удаагийн “The Hunger Games” буюу Хоёр дахь “Quarter Quell” тэмцээнд оролцох бөгөөд энэ нь Капитол дүүргүүдийг ялсныг тэмдэглэх тусгай тэмцээн юм. Уг тэмцээнд дүүрэг бүрээс хоёр хөвгүүн, хоёр охин буюу нийт 48 оролцогч амьдралын төлөө тэмцдэгээрээ бусад ангиудаас илүү харгис, өрсөлдөөнтэй болохыг илтгэж байна.
Киноны гол дүрүүдэд:
- Хэймич Абернати: Жозеф Зада
- Мэйсили Доннер: Маккенна Грейс
- Эффи Тринкит: Эллэ Фэннинг
- Цезарь Фликерман: Киеран Калкин
- Ерөнхийлөгч Сноу: Ральф Файнс
- Мөн: Уитни Пик, Майя Хоук, Бэн Вэнг, Жесси Племмонс нар оролцон тогложээ.
Цувралын өмнөх ангиудыг амжилттай найруулсан Фрэнсис Лоуренс дахин найруулагчаар ажиллаж байгаа бол зохиолыг Билли Рэй бичсэн байна.
Хамгийн сүүлд 2023 онд гарсан “The Ballad of Songbirds & Snakes” кино нь залуу Кориоланус Сноугийн түүхийг өгүүлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол “Sunrise on the Reaping” нь Пэнэмийн хамгийн дуулиантай тэмцээнүүдийн нэгийг дэлгэцнээ амилуулахаар хүлээгдэж байна.

