АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ватиканы удирдагч нарын хооронд Ирантай харилцах харилцаа болон гадаад бодлогын асуудлаас үүдэлтэй томоохон маргаан дэгдлээ. Ерөнхийлөгч Трамп Ватиканы удирдагчийг гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр “сул дорой”, гадаад бодлогын хувьд “маш муу” хэмээн тодорхойлсон нь хоёр талын харилцаанд үүссэн удаа дараагийн зөрчлийн нэг болоод байна.

Саяхан Ватиканы тэргүүн Трампын Ираны талаар хэлсэн “бүхэл бүтэн соёл иргэншил өнөө шөнө мөхнө” гэх үгийг “хүлээн зөвшөөрөх аргагүй” хэмээн шүүмжилж, АНУ болон Ираны хооронд дайн дэгдээх оролдлого нь “бүхнийг чадагчийн төөрөгдөл” болохыг сануулсан юм.
Үүний хариуд Трамп өөрийн “Truth Social” платформдоо: “Тэрээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрдөг байх. Тэрээр АНУ-ын иргэн байсан учраас сонгогдсон бөгөөд Дональд Ж.Трамптай харилцах хамгийн сайн арга нь энэ гэж тэд тооцсон” хэмээн нийтэлжээ. Харин Ватиканы удирдагч мягмар гарагт Алжир руу зорчих замдаа өгсөн ярилцлагадаа “Би түүнтэй мэтгэлцэх хүсэлгүй” гээд, Трампын засаг захиргаанаас айхгүй байгаагаа илэрхийлэв.

Трамп анх Ватиканы удирдагчийг сонгогдоход “агуу нэр төрийн хэрэг” хэмээн сайшааж байсан ч ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч болон Католик шашны тэргүүний хоорондох харилцаа түүхэн дэх хамгийн хүйтэн цэгтээ хүрээд байна.

