Манни Пакьяо өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг, гурван жингийн дэлхийн аварга Шакур Стивенсоны талаар сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрээр өөрийн үеийн шилдэг боксчдыг одоогийн одуудтай харьцуулан дурссан байна.
Стивенсон нь хөнгөн жингээс эхлээд супер хөнгөн жин хүртэл амжилттай тулалдаж байгаа ч түүнийг жинхэнэ “супер од” болгох түвшний өрсөлдөгчийг олоход бэрхшээлтэй байгаа юм. Тэрээр саяхан Теофимо Лопесийг буулган авч, боксын ертөнцөд нэр хүндээ бататгахын тулд илүү том сорилтуудыг эрэлхийлж эхэлжээ.
Харин боксын түүхэн дэх цорын ганц найман жингийн дэлхийн аварга Манни Пакьяо “Inside The Ring” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хэрэв Шакур Стивенсон болон Шейн Мосли нар тус тусын оргил үедээ таарсан бол Мосли илүү байх байсан гэж үзжээ. Пакьяо хэлэхдээ: “Мослигийн шилдэг үеийн хурд болон цохилтын хослол үнэхээр онцгой байсан. Тэр маш хөдөлгөөнтэй, цохиход хэцүү тулаанч байсныг та бүхэн мэднэ” хэмээн онцолсон байна.
Шейн Мосли нь гурван өөр жингийн ангилалд аваргалж байсан бөгөөд 2011 онд Пакьяотой WBO-ийн дэлхийн аваргын төлөө тулалдаж, оноогоор ялагдаж байсан түүхтэй. Тэрээр Оскар Де Ла Хойяг хоёр удаа ялж, Антонио Диаз, Антонио Маргарито зэрэг шилдгүүдийг буулган авч байгаад 2016 онд 49 ялалт, 10 ялагдал, 1 тэнцээ гэсэн амжилттайгаар зодог тайлсан юм.
Сонирхолтой нь, Шакур Стивенсон өөрийгөө Пакьяогийн үед тулалдсан бол түүнийг болон Мосли нарыг “арчиж хаях” байсан гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Пакьяогийн энэхүү хариулт нь Стивенсоны хэт итгэлтэй байдалд өгсөн өөрийнх нь дүгнэлт болж байна.

