“Реал Мадрид” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод “Бавари Мюнхен”-д 4:3-аар хожигдож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:4-ийн харьцаатайгаар тэмцээнээс хасагдлаа. Тус багийн дасгалжуулагч Альваро Арбелоа тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Эдуардо Камавингагийн авсан улаан хуудас тоглолтын хувь заяаг шийдсэн гол хүчин зүйл болсныг онцлов.
Тоглолтын явцад сэлгээгээр орж ирсэн Камавинга талбайд гарсан даруйдаа хоёр дахь шар хуудсаа авч, хөөгдсөн юм. Шүүгч түүнийг тоглолтын хэмнэлийг удаашруулсан хэмээн үзэж торгосон бөгөөд Арбелоа үүнийг “итгэхийн аргагүй шударга бус шийдвэр” хэмээн нэрлэжээ. “Реал Мадрид” хүн дутуу болсноос ердөө нэг минутын дараа “Бавари”-гийн Луис Диас тооны харьцааг нээж, улмаар Майкл Олисе эцсийн цохилтыг хийснээр Мюнхений баг дараагийн шатанд шалгарлаа.
Арбелоа: “Бид талбай дээр сайн тоглож, гурван гоол оруулж чадсан. Гэвч улаан хуудас авсан тэр мөч бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж, бидний тэмцлийг дуусгалаа. Ийм түвшний тоглолтод иймэрхүү байдлаар тоглогчийг хөөж байгааг харах маш харамсалтай байна” хэмээн урам хугарсан байдалтай ярьжээ.
“Реал Мадрид”-ын хувьд энэ улирал тун хүндхэн үргэлжилж байна. Тэд Аваргуудын лигээс хасагдаад зогсохгүй, дотоодын Ла Лигтээ мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гаас хэдийнэ есөн оноогоор хоцроод байгаа юм.

Харин “Бавари Мюнхен”-ий гол тоглогч Майкл Олисе багийнхаа тэсвэр хатуужлыг магтаад, “Бид тэднийг хүчтэй эргэн ирнэ гэдгийг мэдэж байсан. Улаан хуудас тоглолтыг бидний талд эргүүлэхэд тусалсан байж болох ч бид аль хэдийн тоглолтын хэмнэлийг өөрсдийн талдаа авсан байсан” хэмээн өгүүлжээ.

