“Нью-Йорк Никс” багийн эзэн Жеймс Долан ирэх плей-оффын өмнө багтаа маш тодорхой бөгөөд хатуу шаардлага тавилаа. Хэрэв баг нь NBA-ийн шигшээ тоглолтод хүрч чадахгүй бол ирэх улиралд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээ тэрээр мэдэгдээд байна.
Долан хэлэхдээ: “Бид аваргын цомыг авах ёстой” хэмээн амбицаа нуулгүй илэрхийллээ. Өнгөрсөн улиралд “Никс” 25 жилийн дараа анх удаа Зүүн бүсийн финалд шалгарч түүхэн амжилт үзүүлсэн ч Долан дасгалжуулагч Том Тибодог халах гэнэтийн шийдвэр гаргасан юм. Түүний оронд Майк Браун багийг удирдаж, үндсэн бүрэлдэхүүнээ хэвээр хадгалан энэ улирлыг 53 хожилтойгоор дуусгалаа. Энэ нь тус багийн хувьд сүүлийн арван гаруй жил дэх хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй тэд NBA-ийн шинэхэн цомыг хүртээд байна.
Гэвч багийн эзний хувьд энэ нь хангалтгүй юм. Майк Браун багийнхаа талаар: “Бидний өрсөлдөх чадвар дээд түвшинд байгаа. Бид зөвхөн 53 хожил биш, харин ялалтад өрсөлдөж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. “Нью-Йорк Никс” ирээдүйнхээ бүх драфтын эрхийг зарж, үндсэн тоглогчиддоо их хэмжээний гэрээ санал болгосноор одоогийн амжилтад бүх зүйлээ бооцоонд тавьсан. Энэ улиралд багийн бүрэлдэхүүнд 207 сая доллар зарцуулсан нь Доланы хүлээлтийг улам өндөрсгөж байна.

Хэрэв баг эхний эсвэл хоёрдугаар тойрогт ялагдвал дахин дасгалжуулагчаа солих эсвэл бүрэлдэхүүнд томоохон цэвэрлэгээ хийх нь тодорхой болоод байна. Багийн ахлагч Жейлен Брансон: “Бид ялахыг хүсэж байгаа нь маш чухал, гэхдээ бидний хандлага болон өдөр бүр хэрхэн бэлдэж байгаа нь хамгийн чухал” гэсэн бол Карл-Энтони Таунс: “Бид өөрсдийгөө ийм гайхалтай байр сууринд авчирсан ч энэ боломжийг ашиглаж чадахгүй бол улирлын амжилт утгагүй болно” хэмээн онцоллоо. Энэхүү плей-офф нь “Никс”-ийн ирээдүйн таван жилийн өнгийг тодорхойлох эргэлтийн цэг болох бөгөөд Доланы тавьсан “Шигшээд хүр, эсвэл өөрчлөгд” гэсэн зарчим багийн гишүүн бүрд асар их дарамт, бас том сорилт болж байна.

