Дэлхийн тэргүүн баян Илон Маскийн сансар судлалын SpaceX компани АНУ-ын NASDAQ бирж дээр хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) нууц мэдүүлгээ гаргалаа. Тус компани энэхүү IPO-оор дамжуулан нийт үнэлгээгээ 2 их наяд ам. долларт хүргэхийг зорьж байгаа бөгөөд 75 тэрбум ам. доллар босгохоор төлөвлөж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том үзүүлэлт болохоор байна.
Сансрын зорилгоос дата төв рүү
2002 онд “хүн төрөлхтнийг олон гарагийн амьдралтай болгох” зорилготой байгуулагдсан SpaceX өдгөө пуужин дахин ашиглах технологиор сансрын зардлыг эрс бууруулж, 600 гаруй удаа амжилттай газардалт гүйцэтгээд байна. Гэсэн хэдий ч компанийн орлогын 50-80 хувийг дэлхий даяар 10 сая хэрэглэгчтэй Starlink интернэт үйлчилгээ бүрдүүлж байгаа юм.
2026 оны 2-р сард SpaceX компани өөрийн xAI (Grok чатботыг хөгжүүлэгч) компанитай нэгдэж, 1.25 их наяд ам. долларын үнэлгээ бүхий хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн том нэгдлийг үүсгэсэн. Энэхүү нэгдэл нь IPO хийх замын зураглалын чухал хэсэг байв. Компани шинээр босгох хөрөнгөө сансарт нарны эрчим хүчээр ажиллах нэг сая хүртэлх дата төвийн хиймэл дагуул байрлуулахад зарцуулж, дэлхий дээрх эрчим хүч, усны хязгаарлалтыг давахыг зорьж байна.

Биржийн дүрмийг “гуйвуулж” буй SpaceX
SpaceX-ийн IPO нь хөрөнгийн биржийн тогтсон дүрэм журмыг өөрчлөхөд хүргэж байна. Компани нийт үнэлгээнийхээ ердөө 3.75 хувийг л олон нийтэд санал болгох гэж байгаа нь NASDAQ 100 зэрэг индексүүдэд орох шалгуурыг (дор хаяж 10 хувь байх) хангахгүй байгаа юм. Гэвч NASDAQ бирж тусгай зохицуулалт хийж, энэхүү шаардлагыг цуцалснаас гадна шинэ компани индексэд орох хугацааг 3 сараас 15 ажлын өдөр болгон богиносгожээ.
Хөрөнгө оруулагчдын анхааралд
Шинжээчид SpaceX-ийн 2 их наяд ам. долларын үнэлгээнд эргэлзэж байна. Тус компани өнгөрсөн онд 15 тэрбум ам. долларын орлоготой ажилласан бөгөөд энэ хурдаар тооцвол одоогийн тогтоосон үнэлгээнд хүрэхэд 133 жил шаардлагатай юм. Энэ нь Tesla компанитай харьцуулахад 10 дахин их үзүүлэлт ажээ.
Хэдийгээр SpaceX хувьцааныхаа 30 хүртэлх хувийг хувь хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгахаа мэдэгдсэн ч, томоохон компаниудад зориулж биржийн дүрэм өөрчлөгдөж байгаа нь зах зээлийн тэгш байдлын зарчмыг алдагдуулж болзошгүйг ажиглагчид сануулж байна. Түүнчлэн S&P 500 болон FTSE Russell зэрэг биржүүд ч SpaceX-ийг багтаахын тулд журмаа уян хатан болгож эхэлжээ.

