АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай цөмийн болон бусад асуудлаарх томоохон хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд Пакистан улсад айлчлах боломжтой гэдгээ мэдэгдлээ. Тэрээр пүрэв гарагт Вашингтонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Иран улс хэлэлцээрийн “бараг бүх нөхцөлийг” зөвшөөрөөд байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Трамп Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, Ливан болон Израиль улсууд 10 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрснийг дурдлаа. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт эсвэл ойрын хугацаанд хоёр улсын удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрээр энэхүү гал зогсоох хэлэлцээрийг өөрийн зохицуулж шийдвэрлэсэн “10 дахь дайн” хэмээн онцолсон байна.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Трамп олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухайд Австрали улсад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий Хормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалах асуудалд Австрали улс АНУ-д зохих ёсоор туслаагүй хэмээн тэрээр үзэж байгаагаа Нью-Йорк хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

